Данийн Дээд шүүх «барууны бус» гаралтай оршин суугчдыг нүүлгэсэн хэргийг шийдвэрлэнэ
Шүүхийн шийдвэр «зэрэгцээ нийгэм»-ийн тухай маргаантай хуулийн хувь заяанд томоохон нөлөө үзүүлж болзошгүй.

Данийн Дээд шүүх төрөөс оршин суугчдыг «барууны бус» гаралтай гэж ангилж буй нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг хуульд хамаарах эсэхийг шийдвэрлэх гэж байгааг Гардиан сонин мэдээлжээ.
Хэргийг Копенгагены хойд талын Хельсингёр хотын Нёйсомхед-Сюдвей хорооллоос нүүлгэгдсэн оршин суугчид гаргасан бөгөөд бусад шүүхэд ялагдсаар иржээ. Тэдний үзэж буйгаар орон сууцны холбоо «барууны бус» гаралтай хүмүүсийн тоог цөөлөх зорилгоор нүүлгэсэн аж. Засгийн газар энэ ангилал үндэс угсаатай холбоогүй гэж маргаж ирсэн.
Өмнө нь «геттогийн хууль» гэгддэг байсан тус хууль орон сууцны холбоодыг ашгийн бус орон сууцаа 2030 он гэхэд 40 хувиар цөөлөхийг шаарддаг. Иргэдийн дор хаяж тал нь «барууны бус» гаралтай хороололд орон сууцны барилгуудыг нураах заалт ч бий.
Европын холбооны шүүх өнгөрсөн 12 дугаар сард уг хуулийг Европын эрх зүйд нийцэхгүй байж болзошгүй гэж үзсэн. Эмнести Интернэшнл зэрэг хүний эрхийн байгууллагууд болон НҮБ-ын Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг устгах хороо ч хуулийг шүүмжилжээ.
«Дээд шүүх ‘барууны бус’ гаралтайг үндэс угсаатай холбоотой гэж үзвэл энэ нь Данийн төрийн өмнө асар том асуулт тавина» гэж Систэмик Жастис байгууллагын хуулийн хэлтсийн дарга Сушила Мат хэлсэн байна.
Оршин суугчид ялвал гэртээ буцах боломжтой болох төлөвтэй бөгөөд шийдвэр энэ сарын сүүлээр гарах юм.
Копенгагены төвд байрлах Мьёлнерпаркен хорооллын оршин суугчид мөн 2020 онд хуулийг ялгаварлан гадуурхсан гэж шүүхэд хандсан ч хэрэг нь дотоодын шүүхэд хараахан буцаж ирээгүй байна. Тэдний байрууд аль хэдийн зарагдсан тул ялсан ч буцах нь илүү хэцүү аж.
Энэ хуулийн улмаас 1000 гаруй хүн гэрээсээ нүүхээс аргагүй болжээ.



