Дэлхийн банк Узбекистаны цахилгаан түгээх системийг шинэчлэхэд 100 сая ам.доллар олгов
Хөтөлбөрөөр улс даяарх 60 гол дэд станцыг шинэчилж, цахим болгох бөгөөд Азийн хөгжлийн банк, засгийн газрын хөрөнгийг оруулаад нийт санхүүжилт 371 сая ам.доллар болно.

Дэлхийн банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөл 10 дугаар сарын 27-нд Узбекистаны цахилгаан түгээх системийн үр ашиг, найдвартай байдлыг сайжруулах 100 сая ам.долларын зээлийг баталжээ. Энэ тухай Газета.уз сайт банкны хэвлэлийн албанаас иш татан мэдээлэв.
Цахилгаан түгээх системийг шинэчлэх хөтөлбөрийг Узбекистаны үндэсний цахилгаан сүлжээ компани хэрэгжүүлэх бөгөөд цахилгааны алдагдлыг бууруулж, хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэхийн тулд улс даяарх 60 гол дэд станцыг шинэчилж, цахим болгоход хөрөнгө оруулна. Хөтөлбөр мөн санхүүгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх зэргээр компанийн институцийн чадавхыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулна.
Хөтөлбөрийн үр дүнд 2031 он гэхэд шинэчилсэн дэд станцуудын жилийн цахилгааны алдагдал 20 мянган мегаватт цагаар буурах ёстой. Үүнээс гадна дор хаяж 3.3 гигаватт сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг сүлжээнд нэгтгэх нөхцөл бүрдэж, жил бүр бараг 23 мянган тонн нүүрсхүчлийн хийтэй тэнцэх хүлэмжийн хийн ялгарлаас сэргийлэх юм. Шинэчилсэн байгууламжуудыг ашиглалтад оруулснаас хойш таван жилийн дотор 11.7 мянга орчим чанартай ажлын байр нэмэгдэнэ гэж үзэж байна.
Дэлхийн банк хөтөлбөрийг Азийн хөгжлийн банктай хамтран санхүүжүүлж байгаа бөгөөд хоёр санхүүгийн байгууллага хөтөлбөрийг бэлтгэх, хэрэгжилтийг хянахад нэгдсэн арга барил хэрэглэснээр Узбекистаны засгийн газрын ажил давхардахаас сэргийлнэ. Азийн хөгжлийн банк 9 дүгээр сарын 30-нд Узбекистанд 200 сая ам.долларын зээл олгохыг баталсан бөгөөд Дэлхийн банкны шинэ зээл, улсын төсвөөс гаргах 71 сая ам.долларыг оруулаад хөтөлбөрийн нийт санхүүжилт 371 сая ам.доллар болжээ.
«Узбекистан 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 25 гигаваттад хүргэх зорилт тавьсан. Үүний тулд илүү хүчирхэг, технологийн хувьд дэвшилтэт цахилгаан сүлжээний дэд бүтэц шаардлагатай» гэж Дэлхийн банкны мэдэгдэлд дурджээ. Банкны тэмдэглэснээр, түгээх сүлжээний нэлээд хэсгийг хэдэн арван жилийн өмнө барьсан бөгөөд олон дэд станц хэт ачаалалтай ажиллаж, цахилгааны алдагдал, тасалдалд хүргэж байна.

