Дэлхийн гар утасны зах зээл 20 хувь унасан ч Самсунг тэргүүллээ хадгалжээ
Гуравдугаар улиралд Эппл бага зөрүүгээр хоёрдугаарт оржээ.

Самсунг Электроникс дэлхийн гар утасны зах зээл огцом агшсан ч гуравдугаар улиралд тэргүүлэх байраа хадгалсныг Омдиа компанийн мэдээллийг иш татан Кориа Таймс мэдээлжээ.
Самсунг долоогоос есдүгээр сард 57.8 сая утас нийлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 5 хувиар бага бөгөөд дэлхийн нийлүүлэлтийн 22.7 хувийг эзэлжээ. Энэ хугацаанд дэлхийн нийт нийлүүлэлт 20 хувиар унасан байна.
Омдиа энэ үр дүнг Галакси А цувралын тогтвортой борлуулалт, олон төрлийн бүтээгдэхүүнтэй холбон тайлбарлажээ.
Наймдугаар сард гарсан Галакси Зи Фолд цуврал ч дээд зэрэглэлийн зах зээлд Самсунгийн байр суурийг бэхжүүлжээ. Эппл 56.5 сая утас нийлүүлж, өмнөх оны түвшнээ хадгалсан бөгөөд 22.2 орчим хувийн эзлэхүүнтэй байна.



