Дэлхийн томоохон компаниудын ногдол ашиг хоёрдугаар улиралд 7.3 хувиар өсөж, 757.8 тэрбум ам.долларт хүрчээ
Ногдол ашгийн хамгийн их хэсгийг санхүүгийн салбарын компаниуд олгожээ.

Дэлхийн хамгийн том компаниудын олгосон ногдол ашгийн нийт хэмжээ 2026 оны II улиралд өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар өсөж, 757.8 тэрбум ам.долларт хүрснийг Британийн Janus Henderson Investors компани судалгаандаа дурдсаныг арваннэгдүгээр сарын 13-нд мэдээлжээ.
Санхүүгийн салбарын компаниуд хамгийн их буюу 239.7 тэрбум ам.долларын ногдол ашиг олгосон нь өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар их байна.
Их Британийг оруулалгүйгээр Европын компаниудын ногдол ашиг 3.2 хувиар өсөж 242.3 тэрбум ам.доллар, Британийн компаниудынх 14.6 хувиар өсөж 39.5 тэрбум ам.доллар болжээ. Америкийн компаниуд 302.1 тэрбум, Японыг оруулалгүйгээр Ази, Номхон далайн бүсийн компаниуд 118.4 тэрбум ам.доллар олгосон байна.
Өнгөрсөн улиралд Saudi Aramco, Nestle, HSBC, Microsoft, Nvidia зэрэг компаниуд хамгийн их ногдол ашиг олгожээ. Эхний 20 компанийн олгосон ногдол ашиг 136.2 тэрбум ам.долларт хүрч, дэлхийн нийт хэмжээний 18 хувийг эзэлжээ.
Дэлхий дахинд компаниудын хувьцаагаа эргүүлэн худалдаж авсан хэмжээ 26.8 хувиар өсөж 572 тэрбум ам.долларт хүрчээ. Үүний 121.1 тэрбум ам.долларыг технологийн компаниуд зарцуулсан нь салбаруудаас хамгийн өндөр үзүүлэлт юм.
Janus Henderson-ы таамаглалаар 2026 онд дэлхий дахинд олгох ногдол ашиг 5-6 хувиар, хувьцаа эргүүлэн худалдан авалт 7-8 хувиар өснө.

