Эдийн засаг

Дэлхийн зах зээлд үнэт металлын үнэ өмнөх өдрийн уналтаас сэргэж байна

АНУ-ын инфляц таамгаас өндөр гарсны дараа Холбооны нөөцийн сан хүүгээ өсгөнө гэх хүлээлт хүчтэй хэвээр байна.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Үнэт металлын үнэ өмнөх арилжаанд огцом унасныхаа дараа эргэн өсөж байгааг Интерфакс агентлаг арваннэгдүгээр сарын 11-нд мэдээлжээ.

Москвагийн цагаар 13:08 цагийн байдлаар Комекс биржид алтны фьючерсийн үнэ 0.7 хувиар өсөж, нэг унц нь 4059.5 ам.долларт хүрчээ. Мөнгөний фьючерс 3.3 хувиар өсөж, нэг унц нь 52.91 ам.долларт хүрсэн бол цагаан алт 2.1 хувиар өсөж, унц нь 1570 ам.доллар болжээ.

Өмнөх өдөр нь АНУ-ын аравдугаар сарын инфляцын тайлан гарсны дараа Холбооны нөөцийн сан мөнгөний бодлогоо цаашид чангатгана гэх хүлээлт нэмэгдсэнээр үнэт металлын үнэ огцом унасан юм.

АНУ-д аравдугаар сард хэрэглээний үнэ өмнөх сараас 0.4 хувиар өссөн бол есдүгээр сард 0.6 хувиар өссөн байв. Шинжээчид дунджаар 0.3 хувийн өсөлт гарна гэж таамаглаж байжээ. Суурь инфляц өмнөх сарынхтай адил 0.3 хувь байсан ч зах зээлийн 0.2 хувийн таамгаас давжээ.

Энэ мэдээллийн дараа Холбооны нөөцийн сан арванхоёрдугаар сарын хурлаараа бодлогын хүүгээ өсгөнө гэдэгт зах зээл бүрэн итгэлтэй байна. Зах зээлийнхэн хүүг ердийн 25 бус, 50 суурь пунктээр өсгөх магадлалыг 13.5 хувь гэж үнэлж байна.

“Алт инфляцийн мэдээллээс үүдсэн уналтын дараа бага зэрэг амсхийлээ. Гэхдээ Холбооны нөөцийн сан хүүгээ цаашид өсгөх төлөвтэй байгаа тул үнэ мэдэгдэхүйц өснө гэж хүлээхэд хэцүү” гэж Байбит биржийн ахлах шинжээч Хан Тан хэлжээ.

Алт хүүгийн орлого өгдөггүй тул бодлогын хүү өндөр байхад хөрөнгө оруулагчдын алтыг сонирхох нь харьцангуй буурч, үнэд нь сөргөөр нөлөөлдөг юм.

Бусад мэдээ