Шинжлэх ухаан

Дуулиант эрдэмтэн Хван У Сок Эмиратын иргэншил авч, Солонгосын иргэншлээ алджээ

Хван нэгэн цагт Өмнөд Солонгосын үндэсний баатар хэмээн өргөмжлөгдөж байжээ.

The Korea Times1 мин унших

Зураг: The Korea Times

Үүдэл эсийн судалгааны луйврын дуулианаар Сөүлийн үндэсний их сургуулиас халагдсан эрдэмтэн Хван У Сок Арабын Нэгдсэн Эмиратын иргэншил авснаар Солонгосын иргэншлээ алдсан нь ил болсныг Корея Таймс сонин мэдээлжээ.

Хууль зүйн яамны Чонжу дахь цагаачлалын газрын наймдугаар сарын 13-нд нийтэлсэн жагсаалтад 1953 онд Өмнөд Чүнчон мужийн Пуё хотод төрсөн Хван У Сок гэх эр багтсан байна. Тэрбээр Эмиратын иргэншил авсны улмаас дөрөвдүгээр сарын 9-нөөс Солонгосын иргэншлээ алдсан гэж жагсаалтад тэмдэглэжээ.

Солонгосын Иргэншлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар, гадаадын иргэншлийг сайн дураараа авсан иргэн Солонгосын иргэншлээ автоматаар алддаг.

Хван одоо үүдэл эс, генийн засварын технологи зэрэг биотехнологийн судалгаа хийдэг Абу-Даби дахь Эмиратын биотехнологийн судалгааны төвийн гүйцэтгэх захирал юм. Тэрбээр 2019 оноос Эмиратаас хөрөнгө оруулалт авч эхэлсэн гэж үздэг.

Эмират 2021 онд иргэншлийн тогтолцоогоо өөрчилж, эрдэмтэн, эмч зэрэг гадаадын зарим иргэнд захирагч, угсаа залгамжлагч хунтайж эсвэл засгийн газрын нэр дэвшүүлснээр иргэншил олгох болсон. Хваныг Эмиратын дэд ерөнхийлөгч шейх Мансур бин Заид Аль Нахьян нэр дэвшүүлсэн гэж үздэг.

Хваны үүдэл эсийн судалгааны өгүүллүүд зохиомол дүгнэлттэй болох нь илэрснээр тэрбээр 2006 онд их сургуулиас халагдаж, энэ оны долдугаар сард засгийн газар түүний 2004 онд авсан шинжлэх ухааны дээд шагналыг 22 жилийн дараа хураан авсан юм.

Бусад мэдээ