Эйрбиэнбигийн Брайан Чески Сан Франциско хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд 100 сая ам.доллар хандивлажээ
Хотын захиргааны хэлснээр нэг хандивлагчаас авсан хамгийн том хандивыг хүлээн авсны дараа хотын дарга бусад баячуудыг ч үүнийг дагахыг уриалжээ.

Эйрбиэнби компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Брайан Чески Сан Франциско хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд 100 сая ам.доллар хандивлаж байгааг Форчун сэтгүүл мэдээлжээ. Хотын захиргааны хэлснээр, энэ нь нэг хандивлагчаас авсан хамгийн том хандив юм.
“Брайаны өнөөдөр хийсэн зүйлийг харж буй удирдагч бүрт хэлэхэд: манай хот сэргэж байна, та нар ч хажуунаас харж суухгүйгээр үүний нэг хэсэг болох боломжтой” гэж хотын дарга Даниэль Лури Даваа гарагт Голден Гейт цэцэрлэгт хүрээлэнд хандивыг зарласны дараа мэдэгджээ.
Хандивыг хоёр үе шаттайгаар олгохоор болжээ. Эхний 39 сая ам.долларыг хотын таван төсөлд зарцуулах бол үлдсэн 61 сая ам.долларыг хэрхэн ашиглахыг Амралт, цэцэрлэгт хүрээлэнгийн газар ирэх нэг жилийн дотор шийднэ.
Үүний хүрээнд баруун СоМа дүүрэгт баригдах Рэйчел Салливан цэцэрлэгт хүрээлэн 2031 онд биш, 2028 оны сүүлээр нээгдэнэ. Мөн Эмбаркадеро талбай, Сью Бирман цэцэрлэгт хүрээлэнг нэгтгэн эрэг дагуух нэг том цэцэрлэгт хүрээлэн болгоно.
Эйрбиэнби 110 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй, 8000 гаруй ажилтантай, дэлхий даяар 9 сая гаруй идэвхтэй зартай компани юм. Ческигийн хөрөнгийг одоогоор 13.4 тэрбум ам.доллар гэж тооцдог.
Хотын дарга Лури хотын тэргүүлэх зорилтуудыг хувийн хөрөнгөөр санхүүжүүлэх бодлого баримталж байгаа ч хандивлагчдын эрхэмлэдэг чиглэл энгийн иргэдийн хэрэгцээтэй нийцэх эсэхэд зарим дэвшилтэт үзэлтнүүд эргэлзэж байна.
Чески 2016 онд Эйрбиэнбигийн бусад үүсгэн байгуулагчдын хамт хөрөнгийнхөө ихэнхийг хандивлах амлалтад гарын үсэг зурсан бөгөөд 2022 онд Обамагийн санд 100 сая ам.доллар хандивласан юм.



