Энэтхэг, Хятадын цэргүүд Аруначал-Прадеш мужид хил дээр дахин тулгарчээ
Тулгаралтын газар, нөхцөл байдлыг Шинэ Дели зарлаагүй тул хэр ноцтойг нь тодорхойлоход хэцүү байна.

Энэтхэг, Хятадын цэргүүд Аруначал-Прадеш мужид хэд хэдэн газар тулгарч, нөхцөл байдал үргэлжилж байгааг Энэтхэг-Төвдийн хилийн цагдаагийн дарга Шатружит Капур өнгөрсөн сард мэдэгджээ. Энэ тухай Дойче Велле радио мэдээлэв.
«Хятадын арми, хилийн дэглэм хөрөнгө оруулалт, шинэчлэлээр хол давж гарсан тул Хятадыг уламжлалт аргаар сөрөхөд хэцүү байж магадгүй» гэж Капур сэрэмжлүүлсэн байна.
Мужийн Тэргүүн сайд Пема Ханду хил зөрчсөн явдал гарсныг хүлээн зөвшөөрсөн ч шинэ зүйл биш, байдал хэвийн гэжээ. Сөрөг хүчний Конгресс нам түүний үгийг шүүмжилж, эрх баригч нам Хятадын үйлдлийг зөвтгөж байна гэж буруутгав.
Энэтхэгийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Рандхир Жайсвал хятад цэргүүд тогтсон эргүүлийн замаасаа хазайснаас ийм зүйл гардаг гэж тайлбарласан. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Го Цзякунь үүнийг үгүйсгэж, цэргүүд ердийн эргүүл хийж байна гэжээ.
Хоёр улсын бодит хяналтын шугам Энэтхэгийн тооцоогоор 3,488 километр үргэлжилдэг ч Хятад илүү богино гэж үздэг. Тэд 2003 оноос хойш 25 удаа хэлэлцээ хийсэн боловч хилийн асуудлаа шийдээгүй байна.
Хятад 60 мянган мегаваттын Медог усан цахилгаан станцын төслөө зарласнаас хойш зүүн хэсэгт дэд бүтэц, цэрэг, инженер, техник төвлөрүүлж байгааг Жавахарлал Неругийн их сургуулийн шинжээч Аравинд Елери онцолжээ. Бээжин Аруначал-Прадешийг өмнөд Төвд гэж үздэг.
«Хятадууд манай талд илүү гүн нэвтэрсэн, шинэ газар байр сууриа тогтоосон эсвэл одоо байгаагаа тэлсэн бол энэ нь ноцтой хэрэг болно» гэж Хятадад суугаа асан элчин сайд Ашок Кантха хэлжээ.
Хоёр улсын харилцаанд 2020 оны 6 дугаар сард Галван хөндийд болсон мөргөлдөөн нөлөөлсөөр байна. Энэтхэгийн эх сурвалжийн мэдээлснээр, тэнд 20 энэтхэг, дөрвөн хятад цэрэг амиа алдсан юм. Сүүлийн жилүүдэд Нарендра Моди, Ши Жиньпин удаа дараа уулзаж, шууд нислэгийг зарим талаар сэргээсэн ч хилийн маргаан шийдэгдээгүй хэвээр байна.



