Ливийн шашны дээд байгууллага Найк хувцас өмсөхийг хориглосон шийдвэр гаргав
Найк компанид Ливид албан ёсны дэлгүүр байхгүй ч брэндийн бүтээгдэхүүн орон нутгийн дэлгүүрт зарагддаг.

Ливийн шашны дээд байгууллага Дар аль-Ифта лалын шашинтнууд Найк брэндийн логотой хувцас худалдаж авах, зарах, өмсөхийг хориглосон фатва гаргажээ гэж Би Би Си мэдээлэв.
Шийдвэрт Найк нэр Грекийн ялалтын дарь эхээс гаралтай, лого нь түүний далавчнаас санаа авсан гэж дурдаж, лого өмсөх нь олон бурхны бэлгэдлийг сурталчлах явдал гэж үзжээ.
Байгууллага Найкийг Израилийг дэмждэг гэж буруутгаж, ийм компаниудыг бойкотлохыг уриалсан байна. Энэ нь Газын дайны үеэр 2023 оны 11 дүгээр сарын 5-нд гаргасан мэдэгдэлд нь тулгуурласан аж.
Фатваг Ливийн Их муфтий Садик аль-Гарьяни баталсан юм. Би Би Си Найкаас тайлбар хүссэн байна.
Шийдвэр төрийн хориг зарлаагүй, худалдан авагчдад шийтгэл тогтоогоогүй аж.
Дар аль-Ифта өнгөрсөн жил Ван Клиф энд Арпелс брэндийн дөрвөн навчит хошоонгор бүхий гоёл чимэглэл зүүхийг эсэргүүцсэн шийдвэр гаргаж байв.
Нийгмийн сүлжээнд зарим хүн шийдвэрийг сайшааж, зарим нь илүү чухал асуудлаас анхаарал сарниулж байна гэж шүүмжилжээ.
Ливи улс төрийн хувьд хуваагдсан бөгөөд 2011 онд Муаммар Каддафи унаснаас хойш зүүн, баруун хэсэгт өрсөлдөгч эрх баригчид үйл ажиллагаа явуулж байна.



