Өмнөд Солонгос, Турк цөмийн төслийг санхүүжүүлэх санамж бичигт гарын үсэг зурав
Сеул Хар тэнгисийн эрэг дэх Синоп цөмийн цахилгаан станцын барилгад оролцохыг зорьж байна.

Өмнөд Солонгос, Турк Мягмар гарагт Туркийн эрчим хүчний төслүүдийн санхүүжилтийг судлах хэлэлцээрт гарын үсэг зуржээ гэж Евроньюс телевиз мэдээлэв.
Ерөнхийлөгч Ли Жэ Мён, Режеп Тайип Эрдоганы Сеулд хийсэн яриа хэлэлцээний дараа Солонгосын Экспорт-импортын банк, Туркийн цөмийн эрчим хүчний компани санамж бичгийг байгуулсан байна. Санхүүжилтийн хэмжээг зарлаагүй аж.
Синопын төслийн түншээ Турк хараахан сонгоогүй юм. Төсөл дээрх хамтын ажиллагаа жигд явж, талбайн үнэлгээ, хамтарсан ажлын хэсэг эхэлсэн гэж Ли хэлжээ.
Эрдоган Ёнхап агентлагт өгсөн ярилцлагадаа Өмнөд Солонгосыг боломжит түнш гэж нэрлэсэн байна. Солонгосын цахилгаан эрчим хүчний корпорацитай урьдчилсан судалгаа хийж, техник, эдийн засгийн үнэлгээ үргэлжилж байгаа аж.
«Бусад улстай хийсэн яриагаа харгалзан, үндэсний ашиг сонирхлынхоо үүднээс бүх хувилбарыг судалж байна» гэж Эрдоган хэлсэн байна.
Анкара эцсийн шийдвэр гаргахдаа санхүүжилт, цахилгааны өртөг, Туркийн эдийн засагт үзүүлэх ашгийг харгалзана гэж тэрбээр нэмжээ.
Хоёр удирдагч батлан хамгаалахын хамтарсан үйлдвэрлэл, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохирчээ. Энэ нь Туркийн Алтай танкийн хөтөлбөр дээрх хамтын ажиллагаанд тулгуурлана. Жил бүр хуралдах эрчим хүчний шилжилтийн форум ч байгуулах юм.
Эрдоганы хэлснээр, хоёр талын худалдаа өнгөрсөн жил 11 тэрбум ам.доллараас давж, одоо 15 тэрбум ам.долларын зорилт тавьж байна. Эрдоган 2018 оноос хойш анх удаа Өмнөд Солонгост айлчилж байгаа бөгөөд хоёр улс 1957 онд дипломат харилцаа тогтоосон.



