Эрдэмтэн: Кавказад 17 уулчны амийг авсан мөсөн голын нуралтыг урьдчилан таамаглах боломжгүй байсан
Мөсөн голуудын идэвхийн талаар бодит мэдээлэл дутмаг байгааг эрдэмтэн онцолжээ.

Оросын Кабардин-Балкар бүгд найрамдах улсын ууланд 17 уулчны амийг авсан Мижирги мөсөн голын хүчтэй нуралтыг урьдчилан таамаглах боломжгүй байсан гэж Өндөр уулын геофизикийн хүрээлэнгийн тэргүүлэх мэргэжилтэн, газарзүйн ухааны дэд эрдэмтэн Михаил Докукин арваннэгдүгээр сарын 14-нд хэлжээ.
Есдүгээр сарын эхээр Кабардин-Балкарын уулархаг нутгийн Безенгийн хавцалд уулын энгэрээс буусан нуранги уулчдын бүлгийг дарсан юм. Эрэн хайх, аврах ажиллагаа долоо хоног үргэлжилж, нийт 17 хүний цогцсыг олжээ. Зургаан хүн гэмтсэн байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хайлж суларсан Мижирги мөсөн голын нэг хэсэг тасарч унаж нуранги үүсгэсэн гэж эрдэмтэд үзэж байна.
“Энэ мөсний масс тасарна гэдгийн шинж тэмдгийг маш ховор тохиолдолд л харж болно. Дыхтау уулын массивт ийм унжсан мөсөн гол 30 орчим бий. Бүгд нурна гэж хэлж болохгүй, учир нь тус бүрийн суурийн гадарга өөр, нэг массив дотор ч мөсөн голын төлөв маш олон янз. Энэ бүхнийг хянах тусгай алба байгуулахад хүн хүч хэзээ ч хүрэлцэхгүй” гэж Докукин хэлэв.
Безенгийн орчмын мөсөн голуудын идэвхийн талаар тодорхой бодит мэдээлэл байхгүй тул тэдгээрийн төлөвийг урьдчилан таамаглахад маш хэцүү гэж Докукин тайлбарлав.
“Ан цав харсан ч гэсэн тэр мөсөн гол заавал нурна гэсэн үг биш. Бүх хүндрэл энэ л байгаа юм” гэж эрдэмтэн нэмж хэлсэн байна.


