Пашинян: Армени, Турк дипломат харилцаа тогтоож, хилээ бүрэн нээхэд ойртжээ
Хоёр орон тавдугаар сард шууд худалдааг эхлүүлэх бэлтгэлээ дуусгасан байна.

Армени, Турк хоёр дипломат харилцаа тогтоож, хилээ бүрэн нээхэд ойртсон гэж Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян Дублин дахь Олон улсын болон Европын асуудлын хүрээлэнд болсон уулзалтын үеэр мэдэгджээ. Түүний үгийг Armenpress агентлаг дамжуулав.
“Хоёр өдрийн өмнө би Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдогантай маш эерэг уулзалт хийсэн. Бид ахиц гаргасан бөгөөд эцсийн шат буюу дипломат харилцаа тогтоож, хилээ бүрэн нээхэд маш ойрхон байгааг хоёулаа тэмдэглэсэн” гэж тэрбээр хэлэв.
Пашинян сүүлийн үед Армени, Туркийн харилцаанд мэдэгдэхүйц өөрчлөлт гарсныг онцолжээ. Гүржийн нутаг дэвсгэрээр дамжих экспорт, импортын замыг Турк Ереванд нээж өгсөн нь чухал дохио бөгөөд хоёр орон ойрын ирээдүйд харилцаагаа хэвийн болгож чадна гэж Арменийн Ерөнхий сайд үзэж байна. Бусад оронтой сайн хөршийн харилцаа тогтоох нь Арменийн гадаад бодлогын чухал чиглэл гэж тэрбээр дүгнэв.
Турк 1993 онд Уулын Карабахын асуудлаар Армени, Азербайжаны хооронд гарсан мөргөлдөөнд Азербайжантай эв санааны нэгдлээ илэрхийлж хилээ хаасан юм. Хоёр орны харилцааны өөр нэг чухал асуудал бол 1915 онд Османы эзэнт гүрэнд болсон армянчуудын геноцид юм.
Bloomberg агентлаг 2025 оны арванхоёрдугаар сарын 3-нд Турк ойрын зургаан сарын дотор Арменитай хуурай газрын хилээ нээх боломжийг судалж байна гэж мэдээлж байсан юм. Ингэснээр “Европт үлдсэн хүйтэн дайны үеийн сүүлчийн хаалттай хилийг үгүй болгож, Кавказад худалдааг сэргээх замыг нээнэ” гэж агентлаг бичжээ.
Турк, Армени тавдугаар сарын 11-нд хоёр орны шууд худалдааг эхлүүлэх захиргааны бэлтгэл ажлаа дуусгасан. Армени, Туркийн харилцааг хэвийн болгох асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Рубен Рубинян тавдугаар сарын 13-нд олон нийтийн сүлжээнд бичихдээ, хоёр тал Арменийн хил орчмын Гюмри хот, Туркийн Карс хотын хоорондох, 1993 оноос хойш хаалттай байгаа төмөр замын холболтыг сэргээх ажлыг үргэлжлүүлнэ гэжээ.


