Зеленский: Украин төвийг сахих статусыг үндсэн хуульдаа тусгахгүй
Украин Европын холбооны гишүүн болно гэдэгт Зеленский итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Интерфакс-Украина агентлагийн мэдээлснээр, Украин төвийг сахих статусыг үндсэн хуульдаа тусгахгүй гэж Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдлээ.
Зеленскийн хэлснээр, ийм статус урт хугацааны аюулгүй байдлын баталгаа болж чадахгүй аж.
“Украинд төвийг сахих байдлыг тусгана гэж үзэж байгаа бол тийм зүйл болохгүй. Бид одоо ч НАТО-гийн гишүүн биш. Төвийг сахих гэдэг нь НАТО-д элсэхгүй байх гэсэн утгатай бол бид аль хэдийн тийм статустай байна. Тэгвэл бидний урт хугацааны аюулгүй байдлыг юу хангах вэ?” гэж тэрбээр хэлэв.
Ийм статус тогтооно гэдэг нь үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэсэн үг, Украин үүнийг хийхгүй гэж Зеленский нэмж хэлжээ. Мөн тус улс Европын холбооны гишүүн болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, “энэ нь бүх түвшинд яригдаж байна” гэв.
Европ дахь аюулгүй байдлын шинэ тогтолцооны талаар одоо хэлэлцэх нь эрсдэлтэй гэж Украины удирдагч үзэж байна. Юуны өмнө Украинд энх тайван тогтоох ёстой, харин аюулгүй байдлын тогтолцооны асуудлыг хэлэлцээр байгуулсны дараа ярьж болно гэж тэрбээр тэмдэглэжээ.
Орос Европын аюулгүй байдлын тогтолцооны талаар хэлэлцэхийг оролдож, урхи тавьж байна гэж Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Кая Каллас арваннэгдүгээр сарын 13-нд мэдэгджээ. “Эхлээд гал зогсоох, дараа нь энхийн хэлэлцээр, тэгээд бусад аливаа яриа хэлэлцээ” гэж тэрбээр онцолсон байна.
Трамп Хятадын Шэньжэнь хотод Оросын удирдагч Владимир Путин, Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзахдаа “ямар нэг гэнэтийн зүйл бүү гаргаарай” гэж Германы канцлер Фридрих Мерц мөн өдөр АНУ-ын Ерөнхийлөгчид уриалжээ. Трамп өмнө нь уулзалтын үеэр Украины асуудлыг хэлэлцэнэ гэж мэдэгдсэн тул Европ “хоёр дахь Анкориж”-аас эмээж байна гэж Мерц хэлэв.
Украин дахь мөргөлдөөн Европын аюулгүй байдлын одоогийн тогтолцооны дутагдлыг харуулсан гэж Абу Дабид болсон гурван талт хэлэлцээнд Оросын төлөөлөгчдийг ахалсан Владимир Мединский арваннэгдүгээр сарын 11-нд мэдэгджээ. Түүний үнэлгээгээр энэ тогтолцоо “маш муу” ажиллаж байна. Энэ мэдэгдэл Орос, АНУ, Украин мөргөлдөөнийг цаашид зохицуулах нөхцөлийг хэлэлцэж буй үед гарсан юм.


