Фермийн ажилчдын холбоо: Вашингтон мужид шувууны томуугийн халдвар бүртгэгдснээс хамаагүй их байна
Цагаачлалын албаны үйл ажиллагаа эрчимжсэн нь ажилчдыг төрийн байгууллагад хандахаас эмээхэд хүргэж, тоо дутуу бүртгэгдэх нэг шалтгаан болж байна гэж холбоо үзэж байна.

АНУ-ын Вашингтон мужид шувууны томуу дэгдэж, халдвар авсан хүний тоо анх мэдээлснээс хамаагүй олон байна гэж Фермийн нэгдсэн ажилчдын холбоо мэдэгджээ.
Newsweek сэтгүүлийн мэдээлснээр, H5 томуугийн вирусийн дэгдэлт Якима хөндийд хурдан тархаж, 30 гаруй сүүний үхрийн сүргийг хамарч, наад зах нь нэг хүний аминд хүрсэн байна.
Якима тойргийн албаныхны мэдээлснээр, сүүний фермд вирусэд өртөж халдвар авсан хүн гурав байна. Гэвч бодит тоо хэт дутуу бүртгэгдсэн гэж холбоо онцолжээ. “Шувууны томуугийн шинж тэмдэгтэй ч шинжилгээ өгөөгүй өөр ажилчид ч өвчилж байгааг бид баталгаажууллаа” гэж холбоо X сүлжээнд мэдэгдсэн байна.
Тус холбооны мэдээлснээр, ажилчдын шинж тэмдэг нүд улайх, амьсгалын дээд замын хөнгөн халдвараас эхлээд яс өвдөх, хүчтэй ханиалгах, өндөр халуурах хүртэл янз бүр байна. Хүнээс хүнд дамжсан тохиолдол мэдээлэгдээгүй бөгөөд ажилчид зөвхөн ажлын байрандаа халдвартай мал, сүүтэй харьцаж халдвар авсан аж.
Якима хөндийд Цагаачлал, гаалийн албаны үйл ажиллагаа эрчимжсэнээс болж олон ажилчин төрийн байгууллагад хандахаас айж, ажил олгогчийнхоо үгнээс гарахаас эмээх болжээ. Энэ нь тоо дутуу бүртгэгдэх нэг шалтгаан гэж холбоо үзэж байна. Цалинтай өвчний чөлөө, хувийн хамгаалах хэрэгслийн сургалт дутмаг байгаа нь ч вирус тархахад нөлөөлсөн гэж холбоо мэдэгджээ.
Халдвартай үхэртэй харьцаж шувууны томуу туссан нэгэн оршин суугч нас барсныг Якима тойргийн эрүүл мэндийн зөвлөл Ням гарагт мэдээлжээ. Суурь өвчтэй уг хүн хүнд өвчилж эмнэлэгт хэвтээд удалгүй нас баржээ.
Шувууны томуу 2024 онд улсын хэмжээний эрүүл мэндийн асуудал болсноос хойш өөр хоёр хүний үхлийг үүнтэй холбон үзсэн байна. АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв дэгдэлт эхэлснээс хойш улс даяар 70 гаруй хүн халдвар авсныг бүртгэсэн ч хүнээс хүнд дамжсан тохиолдол илрээгүй байна. Нийт хүн амд учрах эрсдэл бага хэвээр байна.



