Нийгэм

Филиппинд олон мянган оюутан Pax Silica санаачилга, Трампын айлчлалыг эсэргүүцэн жагсав

Филиппин АСЕАН-ы уулзалтын үеэр Pax Silica хэлэлцээрт гарын үсэг зурахгүй гэж Худалдаа, аж үйлдвэрийн яамны дэд сайд мэдэгджээ.

RapplerJames Patrick Cruz2 мин унших

Зураг: Rappler

Филиппиний янз бүрийн нутгийн олон мянган оюутан АНУ тэргүүтэй Pax Silica санаачилга болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтад оролцохоор тус улсад ирэх гэж буйг эсэргүүцэн 2026 оны арваннэгдүгээр сарын 13-нд жагсаал хийжээ.

Санаачилга байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, уугуул иргэд, тариачид нутгаасаа хөөгдөх эрсдэлтэй гэж филиппинчүүд санаа зовж байгаагаа илэрхийлж байна.

Манилад Азийн хамгийн эртний католик их сургууль болох Санто Томасын их сургуулийн оюутнууд хичээлээ орхин жагсаалд нэгджээ. “Pax Silica олон зуун мянган шууд бус болон дагалдах ажлын байр бий болгоно гэж мэдээлэгдэж байна. Гэвч тооцоо бол амлалт биш, амлалт бол баталгаа биш, ялангуяа АНУ шиг дэлхийн гүрэнтэй харьцахад” гэж тус сургуулийн Оюутны төв зөвлөлийн гүйцэтгэх удирдлага мэдэгдэв.

“Pax Silica ямар хөгжил авчрахыг асуух нь хангалтгүй. Үүнээс хэн ашиг хүртэх, хамгийн гол нь зардлыг нь хэн үүрэхийг ч бид асуух ёстой” гэж зөвлөлийнхөн нэмж хэлжээ.

Де Ла Саллийн их сургуульд дор хаяж 1500 оюутан хичээлээ орхин санаачилгыг эсэргүүцсэн бол Филиппиний их сургуулийн хэд хэдэн салбар, Филиппиний Политехникийн их сургууль, Мириам коллеж, Атенео де Манилагийн их сургуулийн оюутнууд ч жагсаалд нэгджээ.

Бенгет мужид Филиппиний их сургуулийн Багио дахь салбар, Гэгээн Луисын их сургууль, Кордильерагийн их сургууль зэрэг сургуулийн 9000 орчим оюутан гудамжинд гарч Pax Silica-г эсэргүүцсэн байна. Төв Лусоны улсын их сургуулийн оюутнууд ч арваннэгдүгээр сарын 12-нд жагсаал хийжээ.

Трамп АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтад оролцохоор Филиппинд айлчлах үетэй давхцуулан Pax Silica хэлэлцээрт арваннэгдүгээр сард гарын үсэг зурахаар төлөвлөж байсан гэх мэдээлэл байсан. Гэвч Филиппин 49 дэх удаагийн АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын үеэр уг хэлэлцээрт гарын үсэг зурахгүй гэдгийг Худалдаа, аж үйлдвэрийн яамны дэд сайд Сеферино Родольфо тодруулжээ.

“АСЕАН болон Филиппиний санал болгож буй бүс нутгийн санаачилгуудаас анхаарлыг сарниулахыг бид хүсэхгүй байна” гэж Родольфо арваннэгдүгээр сарын 10-нд сэтгүүлчдэд хэлжээ.

Жагсаал үргэлжилж буй энэ үед Ерөнхийлөгчийн ордны хэвлэлийн ажилтан Клэйр Кастро дээд хэмжээний уулзалтын үеэр жагсаал хийх эсэхээ эргэн бодохыг олон нийтэд уриалав. “Жагсаал хийх нь тэдний эрх гэдгийг ойлгож байгаа ч ямар ч шаардлагаа жагсаалаар биш өөр замаар илэрхийлээсэй гэж хүсэж байна. Харин өнөө үед оюутнуудын санаа зовж буй асуудлыг илүү нухацтай ярилцах нь дээр” гэж Кастро арваннэгдүгээр сарын 14-нд хэвлэлийн бага хурал дээр хэлжээ.

АСЕАН-ы дээд хэмжээний уулзалттай давхцуулан ирэх өдрүүдэд тус улсын янз бүрийн нутагт янз бүрийн бүлгүүд ч жагсаал хийх төлөвтэй байна.

Бусад мэдээ