Филиппиний боксчин Карл Жаммес Мартин Мексикийн Пикассог ялж дэлхийн мөнгөн бүс хүртжээ
Бооцооны сайтууд Мартины ялах магадлалыг ердөө 13 хувь гэж үнэлж байсан ч тэрбээр хүлээлтийг няцаав.

Ялагдал хүлээгээгүй Филиппиний боксчин Карл Жаммес Мартин аравдугаар сарын 31-нд Саудын Арабын Эр-Рияд хотод Мексикийн Давид Пикассог ялж, Дэлхийн боксын зөвлөлийн өдний жингийн мөнгөн бүсийг хүртсэн гэж Рапплер сайт мэдээлжээ.
Мартин шүүгчдийн хуваагдсан шийдвэрээр ялсан бөгөөд хоёр шүүгч 96-93, 95-94 оноогоор түүнд, нэг шүүгч 95-94 оноогоор Пикассод давуу байдал өгсөн байна.
Өрсөлдөгчөөсөө 2 инчээр намхан, гарын урт нь 5 инчээр богино байсан ч Мартин 10 раунд үргэлжилсэн тулааны хэмнэлийг удирдаж, илүү идэвхтэй тулалдаж, долоо дахь раундад богино хугацаанд унасан ч тодорхой цохилтуудаар давуу байдлаа хадгалжээ.
Пикассо илүү хүчтэй өрсөлдөгчидтэй тулалдаж байсан тул бооцооны нэгэн сайт түүний ялах магадлалыг 87 хувь, Мартиных 13 хувь гэж үнэлж байжээ.
Мартин тулааны өмнө аав, дасгалжуулагч Абел Мартинтайгаа гурван сар бэлтгэл хийж, сүүлдээ АНУ-ын Лас Вегас хотод дасгалжуулагч Марвин Сомодиотой хамтран бэлтгэсэн байна.
Мартин Дэлхийн боксын байгууллагын супер бантам жинд 1 дүгээр, Олон улсын боксын холбооны жагсаалтад 7 дугаар байрт бичигдэж байгаа бөгөөд энэ тулаанд 150,000-аас доошгүй ам.долларын шагнал авсан аж.


