Португалийн цагдаа орон сууцны жагсагчдын майхан хуаранг тараажээ
Португалд 2017 оноос хойш орон сууцны үнэ хоёр дахин илүү өсч, 300,000 орчим орон сууц дутагдаж байна.

Португалийн цагдаа ням гарагийн өглөө нийслэл Лиссабоны Россиу талбайд орон сууцны асуудлаар жагсагчдын байгуулсан майхан хуаранг бамбай, бороохойгоор тараасан гэж Аль Жазира телевиз мэдээлжээ.
Цагдаагийн хэдэн арван ажилтан өглөөний 4:30 цагт талбай руу орсон бөгөөд энэ нь мянга мянган хүн түрээсийн тухай хуулийн төслийг эргүүлэн татахыг шаардан жагссаны маргааш болсон юм.
Жагсагчид бямба гарагийн жагсаалын дараа 50 гаруй майхан барьсан байна. Цагдаагийн командлагч Юрий Родригес майхнуудыг хууль бусаар барьсан гэж үзэж, тэдгээрийг буулгахыг гурван удаа сануулжээ. Цагдаа Порто хотын жижиг хуаранг мөн буулгасан байна.
Өмнөх ням гарагт ижил талбайнуудад явуулсан ажиллагааны үеэр цагдаа Лиссабонд 25, Портод зургаан хүнийг баривчилсан бөгөөд жагсагчдын бүлгийн мэдээллээр 60 хүн гэмтжээ.
Португал Европын хамгийн хүнд орон сууцны хямралтай орнуудын нэг бөгөөд 2017 оноос хойш орон сууцны үнэ хоёр дахин илүү өсч, шинэ гэрээний түрээсийн төлбөр бараг хоёр дахин нэмэгджээ. Португалийн банк улсын хэмжээнд 300,000 орчим орон сууц дутагдаж байна гэж тооцоолжээ.
Жагсагчид төв барууны цөөнхийн засгийн газраас орон сууцнаас албадан гаргахыг хялбарчилж, шинэ түрээсийн гэрээний үнийн хязгаарыг цуцлах хуулийг хүчингүй болгохыг шаардаж байгаа юм.



