Филиппиний экс дэд ерөнхийлөгч Лени Робредо 2028 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
Санал асуулгаар Сара Дутертегийн хамгийн ойрын өрсөлдөгч гэгддэг Робредо үндэсний улс төрд тэсэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Филиппиний Нага хотын захирагч, экс дэд ерөнхийлөгч Лени Робредо 11 дүгээр сарын 9-нд 2028 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн тухай Рапплер сайт мэдээлжээ.
Робредо орон нутгийн радиод өгсөн ярилцлагадаа нэр дэвших асуудал түүний хувьд «хаагдсан» бөгөөд юу ч бодлыг нь өөрчлөхгүй гэжээ.
Тэрбээр үндэсний улс төрийг даахгүй гэдгээ мэдэж байгаа, улс төрчидтэй харилцахдаа хангалттай туршлагагүй хэвээр байгаа гэж хэлсэн байна.
Робредо 4 дүгээр сард ч хоёр дахь удаагаа ерөнхийлөгчид нэр дэвшихгүй, харин 2028 онд Нага хотын захирагчаар дахин сонгогдохыг зорьж буйгаа хэлж байжээ.
Тэрбээр 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд 15 сая санал авч, 31.6 сая санал авсан Фердинанд Маркосоос хол хоцорч хоёрдугаар байрт орсон юм. Ялагдсаныхаа дараа Ангат Бухай сандаа анхаарлаа хандуулж, 2025 онд Нага хотын захирагчийн сонгуулиар улс төрд эргэн иржээ.
Сонгуулийн өмнөх санал асуулгуудад Робредо 2 дугаар сард нэр дэвшихээ зарласан Дэд ерөнхийлөгч Сара Дутертегийн хамгийн ойрын өрсөлдөгчөөр байнга гарч ирсэн.
Дутерте Сенатад явагдаж буй импичментийн шүүх хуралд буруутай гэж тогтоогдвол төрийн албанд нэр дэвших эрхээ алдана. Шийдвэр 12 дугаар сард гарах төлөвтэй байна.



