Fox News: АНУ-ын Ерөнхий прокурор Тодд Бланш хэдэн сарын турш цэргийн байгууламжид амьдарч байна
Аюулгүй байдлын болгоомжлолоос болж Трампын засаг захиргааны хэд хэдэн өндөр албан тушаалтан хувийн гэрээсээ цэргийн байгууламж эсвэл хамгаалалттай засгийн газрын байранд нүүсэн гэх мэдээлэл гарсаар байна.

АНУ-ын Ерөнхий прокурор Тодд Бланш Вашингтоны орчмын цэргийн байгууламжид хэдэн сарын турш амьдарч байгаа гэх мэдээлэл гарчээ.
Бланш энэ оны эхээр цэргийн байгууламж руу нүүсэн гэж энэ зохицуулалтыг мэдэх гурван эх сурвалж Fox News Digital-д ярьжээ.
Бланш орон байрны зохицуулалт нь олны анхаарал татсан засаг захиргааны хэд хэдэн өндөр албан тушаалтны нэг болов. Тэдний заримыг аюулгүй байдлын болгоомжлол хувийн гэрээсээ цэргийн байгууламж эсвэл хамгаалалттай засгийн газрын байранд нүүхэд хүргэсэн.
Сангийн сайд Скотт Бессент Ирантай холбоотой заналхийлэл гарч буй энэ үед цэргийн баазад нүүсэн гэх мэдээлэл бий. Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Дайны сайд Пит Хегсет нар Вашингтон дахь Форт Макнэйрт амьдардаг гэнэ.
Цагаан ордны Тамгын газрын дарга Стивен Миллер ч цэргийн байранд нүүсэн гэх юм.
The Atlantic сэтгүүлийн мэдээлснээр, 2025 оны аравдугаар сар гэхэд Трампын засаг захиргааны дор хаяж зургаан өндөр албан тушаалтан Вашингтоны орчмын цэргийн байранд нүүжээ.
Тэдний дунд Рубио, Хегсет, Миллер, тухайн үеийн Дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноэм, Армийн сайд Дэн Дрисколл болон нэр нь дурдагдаагүй Цагаан ордны нэгэн өндөр албан тушаалтан бий.
Нүүсэн шалтгаан нь янз бүр. Виржиниа мужийн Арлингтон дахь гэрийнх нь гадна жагсаал болж, хаяг нь олон нийтэд ил болсны дараа Миллер эхнэрийн хамт нүүсэн гэж The Atlantic бичжээ.
Бессент Ирантай холбоотой заналхийллээс болгоомжилж, мөн Жоржтаун дахь гэрийг нь ил болгосон мэдээлэл нийтлэгдсэний дараа нүүсэн гэнэ.
Үндэсний аюулгүй байдал хариуцсан иргэний албан тушаалтнууд цэргийн байранд амьдарч байсан жишээ бий. Батлан хамгаалахын сайд асан Роберт Гейтс 2006-2011 онд Пентагоны ойролцоох засгийн газрын байранд амьдарч байжээ.
Гэвч Трампын засаг захиргааны үед улс төрийн томилгоотой ийм олон албан тушаалтан цэргийн байранд амьдарч байгаа нь орчин үед бараг жишээгүй бололтой.
Хегсет Форт Макнэйр дахь, Армийн штабын орлогч даргад уламжлал ёсоор зориулдаг байранд сард 4655.70 ам.доллар төлж байсныг New York Times сонин мэдээлсэн байна.



