Эдийн засаг

Францын хэт барууны удирдагч Ле Пен Зеленскийтэй Брюссельд уулзахыг санал болголоо

Politico EuropeClea Caulcutt1 мин унших

Зураг: Politico Europe

Францын хэт барууны удирдагч Марин Ле Пен Украинд үзүүлэх санхүүгийн тусламжийг зогсооно гэсэн амлалтынхаа дараа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй Брюссельд уулзаж ярилцахад бэлэн байгаагаа мэдэгджээ.

“Украиныг санхүүжүүлэх асуудал Европыг донсолгож байгаа” тул Брюссельд уулзах нь “үндэслэлтэй” гэж Ле Пен Парист болсон худалдааны үзэсгэлэнгийн үеэр хэлэв.

“Германы Канцлер хүмүүсийг сүрдүүлж эхэлсэн. Энэ нь Европт асуудал болж эхэлж байгаа тул үүнийг хэлэлцэх нь сонирхолтой” гэж тэрбээр хэлжээ. Ле Пен Украиныг санхүүгийн хувьд дэмжихээс татгалзсан орнуудын Европын холбооны санхүүжилтийг танана гэсэн Фридрих Мерцийн сүрдүүлгийг ингэж дурдсан юм.

Ле Пен Даваа гарагт Франц дахь Украины Элчин сайдтай уулзаж, энэ үеэр Зеленскийтэй ярилцах санал тавина гэжээ.

Ирэх оны ерөнхийлөгчийн сонгуульд тэргүүлж буй хэт барууны удирдагч Украины дайныг Франц цаашид санхүүжүүлэх боломжгүй гэж удаа дараа хэлсээр ирсэн. Тэрбээр Францын тусламжийг жилд 6 тэрбум евро гэж тооцоолжээ. Харин Зеленский энэ тоог маргаж, Паристай тогтоосон цэргийн түншлэл хоёр талдаа ашигтай гэж хэлсэн байна.

Зеленский мөн Ле Пенийг Киевт урьж, украинчуудтай уулзвал Ле Пен “бодлоо өөрчилнө” гэж Францын L’Express сэтгүүлд ярьжээ.

Төсвийн хүнд хэлэлцээ өрнөж буй энэ үед Украинд үзүүлэх санхүүгийн тусламж ирэх оны ерөнхийлөгчийн сонгуулийн сэдэв болжээ. Энэ сард хэт зүүний удирдагч Жан-Люк Меланшон дайны дараа Донбассын ирээдүйн талаар тус бүс нутагт бүх нийтийн санал асуулга явуулах ёстой гэж хэлж маргаан дэгдээжээ. Донбассын ихэнх хэсэг Оросын эзлэн түрэмгийлэлд байгаа юм.

Бусад мэдээ