Францын зүүний нэр дэвшигч Меланшон мөрийн хөтөлбөртөө ЕХ-ны дүрмийг эрс өөрчлөхийг санал болгожээ
Меланшон сүүлийн үед санал асуулгад дэмжлэгээ нэмэгдүүлсэн байна.

Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, зүүний үзэлтэй Жан-Люк Меланшон Баасан гарагт танилцуулсан мөрийн хөтөлбөртөө Европын холбооны дүрмийг эрс шинэчлэхийг санал болгож, Брюссельтэй сөргөлдөх замыг сонгосныг Политико Юроп сайт мэдээлжээ.
Тэрбээр гэрээнүүдийг шинээр боловсруулж, өр, төсвийн алдагдлын хязгаар зэрэг ЕХ-ны дүрмийн гол хэсгүүдээс татгалзах, эрчим хүч, тээвэр, харилцаа холбоо зэрэг нийтийн үйлчилгээнд өрсөлдөөний дүрмийг түдгэлзүүлэх, төрийн тусламжийн хуулийг сулруулахыг зорьж байна.
Меланшоны намын мөрийн хөтөлбөрт «Бид хөтөлбөрөө үндэсний түвшинд нэн даруй хэрэгжүүлнэ» гэжээ. Хөтөлбөрт шаардлагатай үед саад болж буй дүрмийг дагахгүй байх тухай ч тусгажээ.
Мөрийн хөтөлбөрт Европын төв банкийг ардчилсан хяналтад оруулж, экологи, нийгмийн шилжилтийг санхүүжүүлэхэд дайчлах ёстой гэжээ. Ийм санал Европын зөвлөлд давамгайлж буй консерватив удирдагчдын хатуу эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай.
Францын улсын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 117.5 хувь, төсвийн алдагдал 5 гаруй хувьд хүрсэн тул төсвийн асуудал сонгогчдын гол анхаарал болоод байна.



