ФСБ: Оросын тагнуулч Заворотныйн машиныг дэлбэлсэн хэрэгт сэжиглэгдсэн эмэгтэйг баривчилжээ
Сэжигтэн эмэгтэй эхлээд Төв банкны ажилтан мэт дүр эсгэсэн луйварчдад их хэмжээний мөнгө шилжүүлсэн гэж ФСБ мэдэгджээ.
Москвад Оросын тагнуулч Сергей Заворотныйн машиныг дэлбэлсэн хэрэгт холбогдсон гэж сэжиглэгдсэн эмэгтэйг баривчилсан гэж Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ) мэдэгдэв.
Заворотный нь Виктор Януковичийн засгийн газарт Украины Ерөнхий сайд байсан Николай Азаровын туслах асан юм.
ФСБ эмэгтэйн зөвхөн төрсөн он буюу 2005 оныг дурдсан бөгөөд тэрбээр луйварчдын хохирогч болсон гэж мэдэгджээ.
Тус албаны мэдээлснээр, баривчлагдсан эмэгтэй 2026 оны долдугаар сараас Оросын Төв банкны ажилтан мэт дүр эсгэсэн луйврын дуудлагын төвийн ажилтны сэтгэл зүйн нөлөөнд автаж, “аюулгүй данс” гэгдэх данс руу их хэмжээний мөнгө шилжүүлжээ. Улмаар түүнийг онц хүнд гэмт хэрэгт татан оролцуулсан байна.
Луйварчид нь Украины тусгай албаныхан байсан гэж ФСБ мэдэгдэж байна.
Мөрдөн байцаах хороо эмэгтэйн байцаалтын бичлэгийг нийтэлжээ. Бичлэгт тэрбээр “Украины кураторуудын нөлөөнд байсан” гэж хэлсэн байна. Эдгээр хүмүүс түүнтэй өөрсдөө холбогдож, “Төв банк, Дотоод хэргийн яамныхан гэж өөрсдийгөө танилцуулан юу хийхийг зааварлаж байсан” гэнэ.
Мөрдөн байцаах хорооны тодруулснаар, эмэгтэй Заворотныйн машины ёроолд тэсрэх төхөөрөмж байрлуулжээ.
Сергей Заворотный дэлбэрэлтэд хүнд шархдаж, одоо эмнэлэгт хэвтэж байна. Хүн амины хэрэг үйлдэхийг завдсан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ.



