Кремль: Путин, Ши Жиньпин, Трамп нарын уулзалтын дараа хамтарсан коммюнике гаргах төлөвтэй
Орос, Хятад баримт бичгийн төслийн талаар саналаа хэлсэн, одоо Вашингтоноос хариу ирж байна гэж Ушаков хэлжээ.

Орос, Хятад, АНУ-ын удирдагчид Хятадад болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр гурвалсан уулзалт хийсний дараа хамтарсан коммюнике гаргах төлөвтэй байгааг Кремль мэдэгдэв.
Баримт бичгийн төслийг одоогоор хүнд хэцүү дипломат зөвлөлдөөний явцад боловсруулж байна.
Путин, Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалт арваннэгдүгээр сарын 19-нд болохоор товлогджээ.
“Хэлэлцэх асуудлын жагсаалтыг ч, хамтарсан мэдэгдлийн эхийг ч боловсруулж байна гэдгийг та бүхэнд хэлье. Энэ нь хүнд хэцүү дипломат ажил, хүнд зөвлөлдөөний дүнд бий болж байна. Бид ойлголцолд хүрэх үү? Найдаж байна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков сэтгүүлчдэд хэлжээ.
Тэрбээр ийн мэдэгдсэн нь Владимир Путин АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятад руу явахын өмнөхөн болсон юм.
Ушаковын хэлснээр, Оросын тал баримт бичгийн төслийн тухай саналаа “хятад найз нартаа дамжуулсан” байна.
“Хятад найзууд маань ч эхийн талаар саналаа хэлсэн. Одоо Вашингтоноос хариу ирж байна, эцэст нь юун дээр тохиролцож чадахыг харцгаая. Гэхдээ одоогоор бид гурван удирдагчийн хамтарсан ямар нэгэн коммюнике гарна гэж тооцож байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Коммюнике гаргахгүй байсан ч удирдагч бүр хэлэлцээг өөрийнхөөрөө үнэлэх нь дамжиггүй гэж Ушаков тэмдэглэв. Энэ нь мөн ихээхэн ач холбогдолтой бөгөөд Орос, АНУ, Хятадад сонирхолтой хүлээн авна гэж тэрбээр хэлсэн байна.
“Энэ уулзалтыг зохион байгуулах, үр дүнгийн талаар одоо идэвхтэй ажиллаж байна. Уулзалт болно, эцсийн баримт бичиг ч гарна гэж найдаж байна” гэж тэрбээр онцолжээ.


