Гамбийн сөрөг хүчний удирдагч Бенсуда ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлжээ
Засгийн газрын тайланд түүнийг санхүүгийн зөрчил гаргаж, албан тушаалаа урвуулан ашигласан гэж буруутгасан байна.

Гамбийн сөрөг хүчний Юнайт эвслийн удирдагч Талиб Ахмед Бенсуда баасан гарагт ирэх сард болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших баримт бичгээ өгснийг Африканьюз телевиз мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногт гарсан засгийн газрын тайланд хотын дарга асан, олны танил Бенсудаг буруутгасан. Буруутгал нотлогдвол түүнийг сонгуульд оролцох эрхгүй болгоно.
Юнайт нам буруутгалыг нэр дэвшүүлэлтийн өмнөхөн олон нийтийг төөрөгдүүлэх зорилготой сүүлчийн минутын улс төрийн заль гэж няцаажээ. «Үндэсний ардын намын засгийн газар энэ сонгуульд ялагдахаа мэдэж байгаа учраас цөхөрч, айж байна» гэж нам мэдэгдсэн байна.
Бенсуда Канифинг хотын захиргааг найман жил удирдахдаа хог хаягдлыг тогтмол цуглуулдаг болгосноороо үнэнч дэмжигчидтэй болсон юм.
Баруун Африкийн жижиг улс удаан үргэлжилсэн цахилгааны тасалдалтай тулгарч, олон удаа эсэргүүцлийн жагсаал болж, Ерөнхийлөгч Адама Барроуг огцрохыг шаардах болсон нь түүний нэр хүндийг улам өсгөжээ.
Ерөнхийлөгчийн сонгууль арванхоёрдугаар сарын 5-нд болох бөгөөд Барроу гурав дахь удаагаа нэр дэвшинэ. 2021 онд Барроутай өрсөлдсөн Нэгдсэн ардчилсан намын нэр дэвшигч Усайну Дарбо ч сонгуульд оролцохоо мэдэгдсэн.



