Гвинейгээс хөөгдсөн 100 мянга гаруй алт олборлогч Мали руу орсныг эрх баригчид мэдээлжээ
Мали эдгээр хүмүүсийг эх орон руу нь буцаах ажлыг эхлүүлсэн байна.

Гвинейгээс хөөгдсөн олон арван мянган гар аргаар алт олборлогч сүүлийн хэдэн өдөрт Мали руу орсныг Эр Эф Ай радио мэдээлжээ.
Малийн Аюулгүй байдал, иргэний хамгаалалтын яамны бямба гарагийн орой гаргасан тоо баримтаар, 100 мянга гаруй хүн нийслэл Бамако орчимд хүрч ирсэн бол өөр 60 мянган хүн Гвинейтэй хиллэдэг Куремале хотод байна.
Гвинейн эрх баригчид даваа гарагт хууль бус алт олборлолтыг зогсоох арга хэмжээ авснаар гар аргын олборлогчдыг хөөжээ. Хөөгдсөн хүмүүсийн дийлэнх нь Мали, Буркина Фасогийн иргэд, мөн Кот-д’Ивуар, Сенегал, Того, Бенины иргэд байна.
Албан ёсны бүртгэлээр дор хаяж зургаан хүн нас барсан ч бодит тоо илүү байж магадгүй гэсэн мэдээлэл бий.
Сахелийн орнуудын холбооны гишүүн Мали, Буркина Фасо хамтран 15 мянган хүнийг буцаахаар ачааны машин, автобус хөлсөлжээ. Малийн хямралын хорооны мэдээлснээр, 47 автобустай анхны цуваа Буркина Фасод хүрч, 50 ачааны машинтай өөр нэг цуваа хөдлөхөд бэлэн болсон байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын Улаан загалмайн хороо зэрэг хүмүүнлэгийн түншүүдийн тусламжтайгаар Малийн эрх баригчид ирэгсдэд майхан, халуун хоол, эм тараажээ.


