Йемений Таиз хотод Хуситүүдтэй болж буй тулаанаас оршин суугчид сандарч байна
Хот руу түлш, ус, эмийн хангамж бараг тасарчээ.

Йемений гурав дахь том хот Таизын орчимд Хуситүүд, засгийн газрын хүчний тулаан ширүүсэж, хот руу бараа хүргэхийг Хуситүүд ихэвчлэн хаасан гэж Дойче Велле радио мэдээлэв.
Олон улсын шилжин суурьшилтын байгууллагын мэдээллээр, Таиз мужид 134 мянга орчим хүн дүрвэсэн нь баруун Йемен дэх 319 мянга гаруй дүрвэгчийн бараг тал нь юм.
«Хуситүүд түлш, ус, эмнэлгийн хэрэгсэл буюу эмнэлэг ажиллахад хэрэгтэй бүхнийг хаасан» гэж Хьюман Райтс Вотч байгууллагын судлаач Нику Жафарниа хэлжээ.
45 настай гэрэл зурагчин Аммар хүмүүс сандарч байгаа ч Хуситүүдэд захирагдахгүй гэсэн шийдвэр маш хатуу гэж ярьсан байна. Оршин суугчид хэлмэгдэхээс айж бүтэн нэрээ нэрлээгүй аж.
Таиз мужийн захирагч Набил Шамсан хоол хүнс, түлш, ус хүргэх талаар хэлэлцээ явагдаж байгааг хэлжээ. Норвегийн дүрвэгсдийн зөвлөл тулааны улмаас 7,000 хүндээ хүрч чадахгүй байгаагаа мэдэгдсэн байна.
Шинжээч Хишам Аль-Омейси Таиз Хуситүүдийн эрх мэдэлд саад болж буй цэргийн төдийгүй улс төрийн бэлгэдэл гэж тайлбарласан аж. Хуситүүд 2015, 2016 онд ч хотыг бүсэлж байсан ч эзэлж чадаагүй юм.
Тулаан 7 дугаар сарын сүүлээр дахин эхэлж, 9 дүгээр сард ширүүссэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, 10 дугаар сарын 25-ны байдлаар дор хаяж 1,677 хүн амиа алдаж, 7,395 хүн шархаджээ.



