Их Британи: Хонконгийн 2019 оны жагсаалд оролцсоны төлөө авсан ял BN(O) виз авахад саад болохгүй
Шаардлага хангаагүй ийм хүмүүсийн өргөдлийг сайд нар журмаас гадуур хянаж, оршин суух зөвшөөрөл олгох эсэхийг шийдэх болсныг Дотоод хэргийн сайд мэдэгджээ.

Хонконгод 2019 онд болсон ардчиллыг дэмжсэн жагсаалд оролцсон хэргээр яллагдсан ч бусад шаардлагыг хангасан өргөдөл гаргагчид Британийн хилийн чанадын иргэн (BN(O)) визийн хөтөлбөрт хамрагдах боломжтой хэвээр байхыг Их Британийн Дотоод хэргийн сайд баталжээ.
2019 оны жагсаал, үймээнтэй холбоотой гэмт хэрэгт ял авсан BN(O) статустай хүмүүсийг улсад нэвтрүүлэхгүй, эсвэл оршин суух зөвшөөрөл олгохгүй байж болзошгүй гэх болгоомжлол байгаа энэ үед парламентын Хүний эрхийн хамтарсан хороо тодруулга хүссэн юм.
Дотоод хэргийн сайд Шабана Махмуд Лхагва гарагт хорооны захидалд хариу илгээжээ.
“2019 оны жагсаалд оролцсонтой холбоотой ял шийтгэл нь бусад шаардлагыг хангасан хүмүүст BN(O) хөтөлбөрийг ашиглахад саад болохгүй байх талд урьдчилан хандах зарчмыг одоо баримтлах ёстой. Ардчиллыг дэмжсэн жагсаалд оролцсоны улмаас BN(O) хөтөлбөрийн тохирох байдлын стандарт шаардлагыг хангаагүй өргөдөл гаргагчдад цагаачлалын журмаас гадуур оршин суух зөвшөөрөл олгох эсэхийг сайд нар автоматаар хянан үзэх болно” гэж тэрбээр бичжээ.
“Их Британи хэдэн мянган хонконгчуудад аюулгүй орогнох газар болсонд би бахархаж байна. Засгийн газар Хонконгийн ард түмний талд үргэлжлүүлэн зогсох болно” гэж Махмуд нэмж хэлэв.
Жагсаал хожим цуцлагдсан шилжүүлэн өгөх тухай хуулийн төслөөс болж 2019 оны зургаадугаар сард эхэлсэн юм. Улмаар жагсаал ардчиллын төлөөх уриалга, Бээжингийн хөндлөнгийн оролцоонд дургүйцсэн байдалтай хавсарч, цагдаагийн үйлдлийн эсрэг заримдаа хүчирхийлэлтэй өрнөсөн эсэргүүцэл болон өргөжжээ.
Ардчилсан намын дарга асан Ву Чи Вай долдугаар сарын сүүлээр Лондонгийн Хитроу нисэх онгоцны буудалд ирэхэд хил дээр 10 цаг саатуулагдаж, эхэндээ ердөө долоон хоногийн цагаачлалын батлан даалт авчээ.
Ву Бээжингийн тулгасан үндэсний аюулгүй байдлын хуулиар төрийн эрх мэдлийг хорлон сүйтгэх хуйвалдааны хэргээр ял шийтгүүлсэн юм. Тэрбээр 2020 оны долдугаар сард ардчилсан хүчний албан бус урьдчилсан сонгууль зохион байгуулсан хэмээн буруутгагдсан ардчиллын төлөөх 47 зүтгэлтний нэг байв.
63 настай Ву дөрвөн жил таван сарын хорих ял авсан бөгөөд дараа нь Их Британийн эрх баригчид түүнд зургаан сарын хугацаатай оршин суух зөвшөөрөл олгосон байна.
“BN(O) хөтөлбөрийг ардчилсан эрх чөлөөгөө хамгаалж зогссоныхоо төлөө шударга бусаар шийтгүүлсэн хүмүүст Их Британи орогнох газар болж чадахаар тусгайлан байгуулсан. Жагсаалд оролцсоныхоо төлөө авсан ял тэдэнд энэ хөтөлбөрт хамрагдахад саад болох ёсгүй. Засгийн газар энэ асуудлыг хүлээн зөвшөөрч, засах зохих арга хэмжээ авсан нь зөв” гэж Хүний эрхийн хамтарсан хорооны дарга Алекс Собел хэвлэлийн мэдээнд дурджээ.
Их Британи байнга оршин суух эрх авах хугацааг хоёр дахин уртасгаж, 10 жил болгох саналаас BN(O) визтэй хонконгчуудыг чөлөөлөхөө өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна.
Дотоод хэргийн яамны мэдээгээр энэ оны хоёрдугаар сарын байдлаар 230 мянга гаруй хүнд BN(O) виз олгосноос 170 мянга шахам нь Их Британид нүүн очжээ.