Их Британи Европтой илүү ойртох ёстой гэж Ерөнхий сайд асан Кийр Стармер мэдэгдэв
Трампын үед Вашингтонтой харилцаанд гарсан өөрчлөлт түүнийг Цагаан ордноос явсны дараа ч хэвэндээ орохгүй гэж Стармер үзэж байна.

АНУ найдвар муутай түнш болж байгаа тул Их Британи болон Европын бусад орон бие биедээ илүү ойртох ёстой гэж Их Британийн Ерөнхий сайд асан Кийр Стармер албан тушаалаа орхисноос хойшхи анхны томоохон улс төрийн үгэндээ мэдэгджээ. Энэ тухай Гардиан сонин мэдээлэв.
«Хүчирхэг Европ амин чухал бөгөөд Их Британи түүний гол цөмд байх ёстой» гэж Стармер Баасан гарагт Британи-Ирландын худалдааны танхимд хэлсэн үгэндээ онцолжээ.
Тэрбээр Европ урьдчилан таамаглаж болох үйл явдалд бэлтгэлгүй хоёр удаа баригдсан гэж үзжээ. Нэг нь Орос Украин руу довтолсноор Европын батлан хамгаалах, аюулгүй байдлын удаан хугацааны сул тал ил болсон явдал, нөгөө нь АНУ Европын аюулгүй байдлыг цаашид санхүүжүүлэхгүй гэдгийг Ерөнхийлөгч Трамп тодорхой хэлсэн явдал байв.
«Энэ бол Трампын засаглалын түр зуурын гажуудал бус, байнгын өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлэх асуудал юм» гэж тэрбээр хэлжээ. Гэхдээ энэ нь АНУ-тай харилцаа ач холбогдлоо алдсан гэсэн үг биш, харин Европ өөрийн батлан хамгаалалт, аюулгүй байдлын төлөө илүү их хариуцлага хүлээх ёстой гэсэн үг гэж Стармер тайлбарласан байна.
Стармер Европтой батлан хамгаалахаас гадна эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх ёстой гэж үзэж, Брексит Их Британийн эдийн засагт гүн хохирол учруулсан гэжээ. Тэрбээр нийтлэг зах зээлтэй адил нийтлэг аюулгүй байдлын тогтолцоо хэрэгтэй бөгөөд цөмийн зэвсэгтэй хоёр гүрний нэг, НАТО-гийн тэргүүлэх гишүүн Их Британи энэ төслийн төвд байх ёстой гэж онцолжээ.
Стармер үгээ хэлэхээсээ өмнө Дублинд бизнесийн удирдагчид, улс төрчидтэй уулзсан бөгөөд тэдний дунд Ирландын Ерөнхий сайд Михол Мартин байв. Стармер түүнтэй хамт Их Британи-Ирландын жил бүрийн дээд хэмжээний уулзалтыг санаачилсан юм.
Стармер 7 дугаар сард Ерөнхий сайдын албанаас буухаасаа өмнө ч Европтой ойртохыг уриалж байсан. Түүнээс гурван сарын өмнө Трамп Ирантай дайтаж, НАТО-гоос гарна гэж сүрдүүлж байх үед тэрбээр Европыг аюултай ертөнцөд хамтдаа замнах түншлэл гэж тодорхойлж байжээ.
Түүний хэлсэн үг Европтой ойр харилцаа нь эдийн засаг, цэргийн аюулгүй байдалд зайлшгүй гэсэн Их Британийн зүүний улс төрийн хүрээнд өсөн нэмэгдэж буй зөвшилцлийг илэрхийлж байна. Стармерыг залгамжилсан Энди Бёрнхэм ЕХ-той ойртох талаар илүү зоримог байхаа мэдэгдсэн юм.
Бёрнхэм ирэх сард хүнсний стандарт, эрчим хүч, залуучуудын зорчих асуудлаарх шинэ хэлэлцээрт голлон анхаарах ЕХ, Их Британийн дээд хэмжээний чухал уулзалтад оролцох юм.



