Турк Гадаад хэргийн сайд асан Феридун Синирлиоглуг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлэв
Антониу Гутерришийг залгамжлахаар Синирлиоглуг оролцуулаад найман хүн өрсөлдөж байна.

Турк улс Гадаад хэргийн сайд асан, НҮБ-д олон жил элчин сайдаар ажилласан Феридун Хади Синирлиоглуг НҮБ-ын дараагийн Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд албан ёсоор нэр дэвшүүлжээ. Энэ тухай Франс Твенти Фор телевиз Туркийн төрийн хэвлэл мэдээллийг иш татан мэдээлэв.
Туркийн НҮБ дахь одоогийн төлөөлөгч Ахмет Йылдыз Анадолу агентлагт ярихдаа, Синирлиоглугийн нэрийг Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы дэмжлэгтэйгээр албан ёсоор өргөн барьсан гэжээ.
70 настай Синирлиоглу өнгөрсөн сард Нью-Йоркт болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн дээд түвшний уулзалтын үеэр нэр дэвших сонирхолтойгоо илэрхийлж байсан. Тэрбээр 2015 онд сонгуулийн хоорондох шилжилтийн үед хэдэн сар Туркийн Гадаад хэргийн сайд, 2016-2023 онд НҮБ-д суугаа элчин сайдаар ажилласан юм.
Синирлиоглу одоо Вена хотод төвтэй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Түүний гурван жилийн бүрэн эрх 2027 оны 12 дугаар сард дуусах ч НҮБ-ын тэргүүний албан тушаал 1 дүгээр сарын 1-нд эхэлдэг.
Эрдоган НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг шинэчлэхийг, ялангуяа таван байнгын гишүүний ноёрхлыг шүүмжилж ирсэн бөгөөд Синирлиоглу Ерөнхийлөгчийн энэ бодлогыг тусгах төлөвтэй.
Дараагийн Ерөнхий нарийн бичгийн даргыг 15 гишүүнтэй Аюулгүйн зөвлөл, тэр дундаа хориг тавих эрхтэй АНУ, Орос, Хятад, Их Британи, Франц гэсэн таван байнгын гишүүн шийдэж, 193 гишүүнтэй Ерөнхий ассамблей эцэслэн батална.
Синирлиоглу Аюулгүйн зөвлөлийн сонгогдсон 10 гишүүний нэг болох хөрш Грек, мөн АНУ-ын ойрын холбоотон Израилийн эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй.
Хоёр дахь таван жилийн бүрэн эрхээ дуусгаж буй Гутерриш НҮБ-ыг бараг 10 жил удирдсан бөгөөд түүнийг залгамжлахаар өөр долоон нэр дэвшигч өрсөлдөж байна. Албан бус бүс нутгийн ээлжийн зарчмаар Латин Америк, Карибын бүс нутгаас нэр дэвшигч сонгогдож магадгүй юм.



