Конгод Эболагийн дэгдэлтийн улмаас 5000 гаруй хүн нас баржээ
Эболагийн энэ дэгдэлтийг эмчилгээ, вакцин байхгүй Бундибүгёо омог үүсгэж байна.

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад үргэлжилж буй Эболагийн дэгдэлтийн улмаас 5000 гаруй хүн нас барсныг засгийн газрын мэдээлэл харуулж байна гэж Би Би Си мэдээлжээ.
26 мужийн найм нь халдварт өртөж, батлагдсан тохиолдлын тоо 10 300 давжээ. 5 дугаар сард эхэлсэн дэгдэлт 8 дугаар сард тус улсын түүхэн дэх хамгийн их хохирол учруулсан дэгдэлт болсон бөгөөд одоогийн нас баралтын түвшин 48.6 хувьтай байна.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, дэгдэлтийн голомт нь мөргөлдөөнтэй бүс болох зүүн хойд хэсгийн Итури мужид хэвээр байгаа тул вирусыг хязгаарлахад хүндрэлтэй байна. Кени, Нигери, Угандад ч халдварын тохиолдол батлагджээ.
НҮБ-ын мэдээлснээр, энэ нь Конгогийн түүхэн дэх 17 дахь, дэлхийн түүхэн дэх хоёр дахь том дэгдэлт юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Африкийн алба дэгдэлтийг зогсооход хяналтын гол арга хэмжээг үргэлжлүүлэн өргөжүүлэх, нөлөөлөлд өртсөн бүс нутагт нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, олон нийтийн дунд ажиллах шаардлагатай гэжээ.
Шинжилгээ, эмчилгээ хийгдэж, вакцины эмнэлзүйн туршилт явагдаж байгаа ч энэ омгийн эм, вакцин хараахан байхгүй байна.
Конгогийн өмнөх хамгийн их хохирол учруулсан дэгдэлтийн үеэр 2018-2020 онд 2299 хүн нас барсан юм. Түүхэн дэх хамгийн их хохирол учруулсан дэгдэлт 2014-2016 онд Баруун Африкт гарч, 11 325 гаруй хүний аминд хүрсэн бөгөөд Итали, Их Британи, АНУ зэрэг оронд ч тархаж байжээ.
Одоогийн дэгдэлт «хамаагүй хурдан хүний амь авч байна» гэж НҮБ анхааруулж байна.
Дэгдэлтийн эсрэг ажиллаж буй эрүүл мэндийн зарим ажилтан, улс төрч халдлагад өртсөн нь эмчилгээг улам хүндрүүлж байна. Энэ долоо хоногийн эхээр Эболагийн дуудлагад очсон нэг сувилагч алагдаж, өөр нэг эрүүл мэндийн ажилтан хүнд шархаджээ. НҮБ-ын дэмжлэгтэй Окапи радиогийн мэдээлснээр, нутгийн залуучууд тэднийг усны эх үүсвэрийг бохирдуулж, вирус тараасан гэж буруутгасан байна.
Өнгөрсөн сард Эболагийн тархалтыг зогсоох арга хэмжээг сурталчилсан нэгэн улс төрчийг зодож хөнөөсөн бол Улаан загалмайн нийгэмлэг дэгдэлтийн эхний 100 хоногт гарсан 11 хүчирхийллийн хэрэгт сайн дурынхан нь гэмтэж, түргэн тусламжийн машин шатаагдсаныг 8 дугаар сард мэдээлж байв.
Угандад дэгдэлтийн эхэнд хоёр хүн нас барж, 20 тохиолдол бүртгэгдсэн ч 8 дугаар сараас хойш шинэ тохиолдол гараагүй байна. Кенид есөн тохиолдол батлагдаж, хоёр хүн нас барсан бол Нигерид Бямба гарагт сэжигтэй хоёр тохиолдол илэрч, тусгаарлан шинжилгээ хийж байна. Европын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн үзэж буйгаар, Европын бүсийн хүмүүст халдвар авах магадлал маш бага юм.



