Иракийн шүүх Исламын улс бүлэглэлийн Францын дахин гурван гишүүнд бүх насаар нь хорих ял оноожээ
Шүүгч уг хэрэгт цаазын ял оноох боломжтой байсан ч шүүгдэгчдийн залуу насыг харгалзан үзсэн гэжээ.
Иракийн шүүх пүрэв гарагт Исламын улс бүлэглэлд харьяалагдаж байсан хэргээр Францын дахин гурван иргэнд бүх насаар нь хорих ял оноож, энэ долоо хоногт ял сонссон Францын иргэдийн тоо 10 болжээ. Энэ тухай Зэ Нэшнл сонин мэдээлэв.
Гурван эрэгтэйд Багдадын Кархын эрүүгийн шүүх Иракийн терроризмын эсрэг хуулийн дагуу ял оноожээ. Иракийн хуулиар бүх насаар нь хорих ял 20 жилийн хорих ялтай тэнцэх бөгөөд Хяналтын шатны шүүх 30 хоногийн дотор автоматаар хянан үздэг.
Үүнээс өмнө мягмар гарагт мөн шүүх Францын өөр долоон иргэнд ял оноосон нь 2025 оны долдугаар сард Сирийн зүүн хойд хэсгээс Иракт шилжүүлсэн Францын 47 иргэнд холбогдох бөөнөөр шүүх хурлын анхны шийдвэр байв. Тэр өдөр зургаан хүнд бүх насаар нь, нэг хүнд 15 жилийн хорих ял оноосон юм.
«Таныг гэм буруутайд тооцоход нотлох баримт хангалттай гэж шүүх үзлээ. Энэ хэрэгт цаазаар авах ял оноох боломжтой ч та амьдралынхаа эхэнд яваа залуу хүн учраас өөрийгөө засаж, амьдралынхаа замыг өөрчлөх боломж олгохоор шийдлээ» гэж шүүгч Мохаммед Салман шүүгдэгч бүрт хэлжээ.
Пүрэв гарагт ял сонссон хүмүүсийн дунд вьетнам гаралтай 32 настай Шарли Сун Раймон байв. Тэрбээр Сири рүү явах санаагүй байсан, эгчийнхээ урилгаар Турк руу амралтаар очсон гэж мэдүүлсэн ч шүүгч түүнийг 2019 онд Багуз дахь тулалдаанд оролцож, шархадсан гэдгийг сануулжээ. Тэрбээр эцэст нь гэм буруугаа хүлээж, харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн ял сонссон 42 настай Камал Хабиб Ахмед бин Мубарак Сири рүү явсан нь Арабын хаврын үйл явдлаас эхэлсэн гэжээ. «Би зөвхөн харамсаад зогсохгүй, өөртөө бухимдаж байна. Би гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна» гэж тэрбээр шүүхэд хэлсэн байна.
Шүүх хуралдаанд шүүхээс томилсон өмгөөлөгчид болон Францын Элчин сайдын яамны төлөөлөгчид байлцжээ.


