Аравдугаар сарын сүүлээр Ташкент болон Төв Азийн бусад хотод агаарын чанар яагаад муудсаныг судлаачид тайлбарлажээ
Хүйтэн антициклон, салхигүй цаг агаар бохирдуулагч бодисыг агаарт хуримтлуулсан гэж Узбекистаны судлаачид дүгнэжээ.

Узбекистаны судлаачид аравдугаар сарын 20-27-нд Төв Азийн томоохон хотуудад агаарын чанар огцом муудсан шалтгааныг судалж, гол шалтгаан нь бохирдуулагч бодисыг агаарт хуримтлуулж, сарниулахгүй байсан цаг агаарын нөхцөл байдал болохыг тогтоожээ. Энэ тухай «Газета» сайт Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч, уур амьсгал судлаач Эркин Абдулахатовыг иш татан мэдээлэв.
Мэргэжилтнүүдийн үнэлснээр бохирдол байгалийн тоос болон тээвэр, аж үйлдвэр, эрчим хүчний салбарын утааны хослолоос үүдэлтэй байсан бөгөөд таагүй цаг агаар эдгээр тоосонцрыг агаарт хуримтлуулжээ.
Агаарын чанарыг хэмждэг олон улсын платформын мэдээллээр аравдугаар сарын 26-нд судалсан найман хотын зургаад нь агаарын чанарын индекс 100-аас давжээ. Хамгийн өндөр үзүүлэлт Бишкект 160, Ташкентад 157, Шымкентэд 149 байсан байна. Ташкентын өдрийн дундаж индекс таван хоногийн дотор 93-аас 164 болж, 76 хувиар муудсан юм.
Шинжилгээгээр аравдугаар сарын 19-25-нд Төв Азийн дээгүүр хүйтэн антициклон ноёлж, Узбекистанд бараг хур тунадас ороогүй, Ташкентад шөнө салхи бараг байгаагүй аж. Мөн агаарын дээд давхарга газрын гадаргын ойролцоох агаараас дулаан байх температурын инверс ажиглагдсан нь агаарын босоо холилдолтыг сулруулж, бохирдуулагч бодис газрын ойролцоо хуримтлагджээ.
Ташкентын агаарын дээжийн лабораторийн шинжилгээгээр нарийн ширхэгт тоосонцрын дунджаар 39.7 хувийг байгалийн тоос, 42.6 хувийг аж үйлдвэр, тээвэр, эрчим хүчний салбарт түлш шатаасны бүтээгдэхүүн бүрдүүлжээ. Ташкентын жилийн дундаж бохирдол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болгосон түвшнээс бараг 7.8 дахин их байна.
Хүрээлэнгийн мэдээллээр 2026 оны нэгдүгээр сараас аравдугаар сарын 19 хүртэл Ташкентад нарийн ширхэгт тоосонцрын агууламж өмнөх оны мөн үеэс 28 хувиар, том ширхэгт тоосонцрынх 32 хувиар буурсан ч энэ нь бохирдлын асуудал шийдэгдсэн гэсэн үг биш аж.
Төв Ази Каракум, Кызылкум, Аралкум зэрэг цөлийг хамарсан дэлхийн «тоосны бүс»-д оршдог бөгөөд 1980-2014 онд бүс нутгийн дундаж температур арван жил тутамд 0.33 хэмээр нэмэгджээ. Судлаачид Төв Азийн ус цаг уурын албадын хооронд сэрэмжлүүлэг шуурхай солилцох механизм бий болгож, тээвэр, эрчим хүч, халаалтын утааг бууруулахыг зөвлөжээ.


