Дэлхий

Иран дахь дайны улмаас Ойрхи Дорнодын бордооны экспорт 70 хувиар буурчээ

Бордооны хомсдол ирэх онд ургац буурч, хүнсний үнэ өсөхөд хүргэж болзошгүйг шинжээчид анхааруулж байна.

The NationalFareed Rahman2 мин унших

Зураг: The National

Ойрхи Дорнодын мөргөлдөөн тус бүс нутгаас дэлхийн зах зээлд нийлүүлэх бордооны хангамжийг тасалдуулж, дэлхийн хүнсний үйлдвэрлэл, ургацад эрсдэл учруулж байна гэж шинжээчид мэдэгджээ. Энэ тухай Зэ Нэшнл сонин мэдээлэв.

“Экспортын хэмжээ ойролцоогоор 70-75 хувиар буурч, хүхэр, азот, фосфатын бордооны дэлхийн нийлүүлэлтийг хумьж байна” гэж Кплер компанийн хөдөө аж ахуйн мэдээллийн ахлах менежер Мадлен Овергаард хэлжээ. Түүний хэлснээр, ачилт өнгөрсөн оны мөн үеийн 3.41 сая тонноос есдүгээр сард 994,000 тонн болж буурсан байна.

Хормузын хоолой үндсэндээ хаалттай хэвээр байгаа бөгөөд Саудын Араб бордоогоо газраар Улаан тэнгисийн боомтууд руу тээвэрлэж байгаа ч хэмжээ нь хязгаарлагдмал тул хоолойгоор тээвэрлэх хувилбар болж чадахгүй байна.

Кплер компанийн мэдээллээр, Персийн булан дэлхийн хүхрийн үйлдвэрлэлийн 25-30 хувь, далайн худалдааны 50 хүртэл хувийг эзэлдэг бөгөөд бараг бүгд хоолойгоор дамждаг. Мочевинын хувьд бүс нутаг дэлхийн үйлдвэрлэлийн 10-12 хувийг эзэлдэг ч далайн худалдааны 30-40 хувийг хангадаг аж.

Дайн хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израиль Тегеран руу довтолсноор эхэлсэн бөгөөд Тегеран Персийн булангийн орнуудын эрчим хүч, иргэний дэд бүтэц рүү хариу довтолсон юм. Газрын тосны үнэ баррель нь 120 гаруй ам.доллар хүртэл өсчээ.

“Өнөөдрийн бордооны хомсдол ирэх онд ургац буурч, хүнсний инфляц өсөх хэлбэрээр зайлшгүй илэрнэ” гэж Овергаард хэлжээ.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хүнсний үнийн индекс есдүгээр сард дунджаар 136 оноо болж, наймдугаар сараас хоёр оноо буюу 1.5 хувиар өсч, жилийн дүнгээр 5.8 хувиар нэмэгджээ. Хятад бордооны гол уян хатан нийлүүлэгч болж, Орос алдагдсан эрэлтийн зарим хэсгийг нөхөж байгаа ч энэ нь зөрүүг бүрэн нөхөж чадахгүй, үнэ ч илүү өндөр байна гэж Ристад Энержи компани үзжээ.

Бусад мэдээ