Иран улс цөллөгт амьдарч буй сэтгүүлчдийг ч хэлмэгдүүлсээр байна
“Дайсагнасан засгийн газруудтай хамтран ажилласан” гэж буруутгагдсан, гадаадад буй 400 орчим хүний хөрөнгийг Ираны шүүх хураахаар болжээ.

Хямралын үед Ираны улс төрийн тогтолцоо бурууг тохох хүн хайдаг бөгөөд энэ жагсаалтын тэргүүнд бие даасан сэтгүүлчид, тэр дундаа олон жил цөллөгт амьдарч буй сэтгүүлчид ордог.
Ираны шүүх засаглал есдүгээр сарын сүүлээр “дайсагнасан засгийн газруудтай хамтран ажилласан” гэж буруутгагдсан хүмүүсийн хөрөнгийг хурааснаа мэдэгдсэн. Энэ нь сэтгүүлч, идэвхтэн, уран бүтээлч, тамирчид зэрэг гадаадад амьдарч буй 400 орчим хүний хөрөнгийг хураахаар өмнө нь зарласан төлөвлөгөөний нэг хэсэг юм.
“Ирандаа миний цорын ганц өмч бол эцэг эхийн маань гэрт байгаа номын тавиур” гэж цөллөгт буй бие даасан сэтгүүлч Амир Солтанзаде хэлэв. Тэрбээр Германы олон улсын DW телевизэд үе үе ажилладаг. Ираны төрийн хэвлэлүүдийн “эх орноосоо урвагч” гэж нэрлэсэн хүмүүсийн засгийн газрын жагсаалтаас тэрбээр өөрийн нэрийг олж харжээ.
Солтанзаде энэ оны эхээр цахим хуудсандаа номын сангийнхаа зургийг нийтэлж, “Энэ номын сан бол миний Иран дахь цорын ганц хөрөнгө. Ном унших дуртай бол хураагаад ав” гэж бичсэн байна.
Түүний Иран дахь банкны данс ч битүүмжлэгдсэн гэж тэр хэлэв. Дансанд нь 500 орчим евро байсан бөгөөд тэрбээр энэ мөнгөөр гэр бүлийнхэндээ баярын бэлэг, цэцэг авдаг байжээ. Түүнийг урвагчийн жагсаалтад оруулсан нь “шударга бус” гэж Солтанзаде үзэж байна.
“Би Ираны эсрэг юу ч хийгээгүй. Миний байр суурь бүхэн эцсийн дүндээ Ираны ард түмний амьдралыг сайжруулахад чиглэж байсан” гэж тэр онцолжээ.
Түүний сэтгүүлзүйн ажлаас болж зарим хамаатан садан нь гэр бүлтэй нь харилцаагаа тасалжээ. “Засгийн газрын байр суурийг хүлээн авсан зарим хүн гадаадад ажилладаг сэтгүүлчийн тухай сонсонгуутаа түүнийг шууд л тагнуулчтай адилтгадаг” гэж Солтанзаде ярьжээ.
“Аав маань миний улмаас ажлаасаа халагдсан. Ээж маань миний улмаас байнгын түгшүүртэй амьдарч, утас дуугарах бүрт хэн залгаж байгаа бол гэж санаа зовдог” гэж тэр хэлсэн юм. Гэр бүлээ хамгаалахын тулд тэрбээр хэдэн сарын турш тэдэнтэй шууд холбоо барихаа больж, зөвхөн зуучлагчаар дамжуулан харилцаж байжээ.
Бие даасан сэтгүүлчдийг дарамтлах нь Исламын Бүгд Найрамдах Улсад байнга давтагддаг үзэгдэл юм. Улс төрийн хурцадмал үед барууны хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийг ТТГ эсвэл Моссад зэрэг дайсагнасан тагнуулын албаны төлөөлөгч, эсвэл хорлон сүйтгэх суртал ухуулга түгээгч гэж тодорхойлох нь элбэг.
Эрх баригчид сурвалжлагчдыг тагнах олон арга хэрэгсэлтэй бөгөөд тэдний олон нийтийн сүлжээний хаягийг хакердах, яриаг нь чагнаж, хожим нь Иран дахь танилуудынх нь эсрэг нотлох баримт болгон ашиглах зэрэг арга хэрэглэдэг.
Хоригдлууд, жагсагчидтай хэрхэн харьцаж буй, цаазаар авах ялын талаар мэдээлэх нь ихээхэн эрсдэлтэй, хязгаарлалт ихтэй гэж нэрээ нууцлахыг хүссэн Иран дахь нэгэн сэтгүүлч хэлжээ. “Сэтгүүлчид зөвхөн хувийн хуудсандаа маш хязгаарлагдмал, цензурдсан байдлаар бичиж чадна. Тэд мэдээлэлдээ засгийн газрын албан ёсны байр суурийг баримтлах үүрэгтэй” гэж тэр ярив.
Ираны үндсэн хуулийн 24 дүгээр зүйл хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулдаг. Гэвч сүүлийн дөчин жилд Хэвлэлийн тухай хуулийг хэд хэдэн удаа өөрчилж, өргөтгөсөн. Энэ хууль хэвлэл мэдээллийн ажилтнуудаас Исламын Бүгд Найрамдах Улсад аюул учруулахгүй, лам нар эсвэл Дээд удирдагчийг доромжлохгүй, худал мэдээлэл түгээхгүй байхыг шаарддаг. Ийм ерөнхий томьёолол нь эрх баригчдад хэвлэлийн ажилд хөндлөнгөөс оролцох өргөн боломж олгодог.
Байнгын дарамт, эрх баригчдын бай болох эрсдэлээс болж олон сэтгүүлч эх орноо орхин гарахаас өөр аргагүй болдог. “Сэтгүүлзүйн ажлаасаа болж би цөллөгт гарахад хүрсэн” гэж мөн DW-д үе үе мэдээ бэлтгэдэг бие даасан сэтгүүлч Омид Барин хэлсэн байна.
Барин хүний эрхийн зөрчил, Иран дахь үндэстний цөөнхийн байдлын талаар голчлон бичдэг. Дарамт шахалт нь түүнийг “эх орон дахь эх сурвалжуудтайгаа харилцахдаа тэднийг аюулд оруулахгүйн тулд илүү болгоомжтой, илүү соргог болоход хүргэсэн нь гарцаагүй” гэж тэрбээр ярьжээ.
Ойр дотны хүмүүст нь хохирол учрахаас болгоомжилж Барин заналхийллийн дэлгэрэнгүйг хэлэхээс татгалзсан ч цаад санаа нь тодорхой гэдгийг онцолсон. Иран дахь хэн нэгэн түүнийг сэтгүүлзүйн ажлыг нь орхих, эсвэл эмзэг сэдвээс зайлсхийхийг хүсэж байгаа аж.



