Дэлхий

Ши Жиньпин Тайваньтай дахин нэгдэх уриалгаа давтсан ч хүч хэрэглэх тухай дурдсангүй

Тайваний засгийн газар Хятадын Коммунист намын захиргаанд орохгүй гэдгээ хариу мэдэгдэлдээ онцолжээ.

DW3 мин унших

Зураг: DW

Хятадын дарга Ши Жиньпин Тайваньтай дахин нэгдэх уриалгаа давтсан ч энэ удаа цэргийн хүч хэрэглэх тухай дурдахаас зайлсхийлээ.

“Түүхийн чиг хандлагыг зогсоох аргагүй. Эх орныхоо бүрэн нэгдлийг заавал хэрэгжүүлэх ёстой бөгөөд эргэлзээгүй хэрэгжүүлж чадна” гэж Ши Жиньпин пүрэв гарагт хэлэв.

Тэрбээр улс төрийн удирдагч Сун Ятсений мэндэлсний 160 жилийн ойд зориулсан илтгэлдээ ингэж мэдэгджээ. Сун Ятсен 1911 оны хувьсгалыг удирдахад гол үүрэг гүйцэтгэж, Хятадын эзэнт гүрний хаант засгийг түлхэн унагаж, Бүгд Найрамдах Хятад Улсыг байгуулахад хүргэсэн юм.

1912 онд Бүгд Найрамдах Хятад Улс байгуулагдсаны дараа 1927 онд Гоминьдан болон коммунистуудын хооронд иргэний дайн дэгдсэн байна. Японы эзлэн түрэмгийлэл, Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Мао Зэдуны удирдсан коммунистууд давамгайлж, Гоминьдан 1949 онд Тайвань арал руу ухарсан юм.

Түүнээс хойш эх газрын БНХАУ болон Тайвань дахь Бүгд Найрамдах Хятад Улс хоёулаа өөрсдийгөө Сун Ятсений улс төрийн өвийн хууль ёсны залгамжлагч гэж үздэг.

Нэг Хятад гэгдэх бодлогын дагуу олон улсын хамтын нийгэмлэгийн дийлэнх нь зөвхөн эх газрын коммунист Хятадыг улс гэж хүлээн зөвшөөрдөг. Гэсэн хэдий ч өөрөө өөрийгөө удирддаг, ардчилсан Тайваньтай олон улс албан бус дипломат, эдийн засаг, соёлын харилцаатай.

Дахин нэгдэл бол Коммунист намын няцашгүй түүхэн эрхэм зорилго гэдгийг Ши Жиньпин онцолж, “ямар ч хэлбэрийн ‘Тайваний тусгаар тогтнол’ гэсэн салан тусгаарлах үйл ажиллагаанд хэзээ ч зай үлдээхгүй” гэжээ.

“Бид Тайваний бодит байдлыг бүрэн харгалзаж, Тайвань дахь ах дүүсийнхээ ашиг сонирхол, сэтгэл санааг заавал бүрэн тооцно” гэж тэрбээр хэлсэн байна.

Хятадын удирдагч илтгэлдээ цэргийн хүчийг дурдаагүй ч Бээжин Тайванийг хяналтдаа оруулахын тулд цэргийн хүч хэрэглэхийг үгүйсгэхгүй гэдгээ өмнө нь хэд хэдэн удаа хэлж байжээ.

Тайваний Эх газрын хэргийн зөвлөл хариу мэдэгдэлдээ Тайваний засгийн газар ч, ард түмэн ч Бээжингийн захиргаанд орохыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг дахин илэрхийлэв. “Тайваньтай нэгдэх тухай үг хэллэг нь өмнөхөөсөө нэг их ялгаагүй” гэж зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Лян Вэнь-Жие сурвалжлагчдад хэлжээ.

Ши Жиньпин энэ илтгэлийг Хятадын Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө тавьсан бөгөөд тэнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах төлөвтэй байна.

АНУ сүүлийн хэдэн арван жилд Хятадын шаардлагыг эсэргүүцэж буй Тайванийг дэмжиж, арлыг чухал зэвсгээр хангаж иржээ. Хятад сүүлийн жилүүдэд арлын эргэн тойронд болон Тайваний хоолойд цэргийн идэвхжилээ нэмэгдүүлсэн нь Тайбэйг айлган сүрдүүлэх, мөн ирээдүйд байж болзошгүй цэргийн ажиллагаанд бэлтгэл хийх оролдлого байж магадгүй гэж олонх нь үздэг.

Пүрэв гарагт Хятадын сөнөөгч онгоц, нисгэгчгүй онгоцууд байлдааны хөлөг онгоцуудын хамт арлыг тойрон “байлдааны бэлэн байдлын хамтарсан эргүүл” хийж эхэлснийг Тайвань мэдэгдлээ.

Бусад мэдээ