Ираны хуурай замын худалдааг таслах АНУ-ын төлөвлөгөөг Москва шүүмжилжээ
Каспийн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах нь тэнгисийн эрэг орчмын таван орны дотоод хэрэг гэж Москва үзэж байна.

Ираны хуурай замын худалдааг хянаж, таслах тусгай хүчин байгуулах АНУ-ын төлөвлөгөө Каспийн тэнгисийн тээврийн замд аюул учруулж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгджээ. Энэ тухай Интерфакс агентлаг мэдээлэв.
“АНУ-ын Батлан хамгаалах яамны шинэ нэгжийн хариуцах бүсэд Каспийн тээврийн замууд багтаж байна” гэж Захарова хэлээд, энэ нь Каспийн эрэг орчмын бүрэн эрхт улсуудын эрх ашигт ил заналхийлж байна гэжээ.
Түүний хэлснээр, Пентагон шинэ бүтцийн гол зорилгыг хоёр зориулалттай барааг Ираны хилээр нэвтрүүлэхийг таслан зогсоох явдал гэж зарласан бөгөөд ийм оролдлого Ираны эргэн тойрон дахь хямралыг хөрш бүс нутгууд руу тэлэх эрсдэлтэй аж.
Захарова мөн АНУ-ын эрх баригчид дургүй улс, дэглэм, ард түмнийг хориг арга хэмжээгээр боомилох стратегиа шууд цэргийн нөлөөлөлтэй адилтгаж байгааг ил баталж байна гэж үзжээ.


