Ирландын олимпын гүйгч Кира Магиныг төрөлх хотод нь олон зуун хүн үдэв
Европын аварга асан тамирчин 34 насандаа бүдүүн гэдэсний хорт хавдраар нас баржээ.

Ирландын олимпын гүйгч Кира Магиныг Мягмар гарагт Хойд Ирландын Портаферри хотод олон зуун хүн эцсийн замд нь үджээ гэж Би Би Си мэдээлэв.
«Үнэхээр гайхалтай, маш авьяаслаг, урам зориг өгдөг хүн» гэж оршуулгын ёслолд уншсан хүндэтгэлийн үгэнд дурдсан байна.
Европын аварга асан, олимпод хоёр удаа оролцсон тамирчин Ням гарагт бүдүүн гэдэсний дөрөвдүгээр үе шатны хорт хавдраар нас барсан юм. Тэрбээр нас барахаасаа гурван долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө удаан хугацааны хамтрагч Томас Морантай гэрлэсэн байв.
Ёслолд Хойд Ирландын Тэргүүн сайд Мишель О'Нил, олимпын тамирчин Рис Макленаган, 1972 оны алтан медальт Мэри Питерс нар оролцжээ. Ирландын Ерөнхийлөгч Кэтрин Коннолли, засгийн газрын төлөөлөгчид ч ирсэн аж.
Бага наснаас нь мэддэг санваартан Мартин Келли нас барахынх нь өмнөхөн хосписод очихдоо Магин өөрөө өвчтэй байсан ч түүний гараас түшиж хамт алхсанаа дурссан байна.
«Миний хамгийн аз жаргалтай дурсамжийн нэг бол өрөө рүү нь буцахдаа Кира Магин миний гараас түшсэн мөч юм» гэж тэрбээр хэлжээ.
Магин 2016, 2020 оны олимпод Ирландыг төлөөлж, 2024 онд Ромд болсон Европын аварга шалгаруулах тэмцээнд 1500 метрт алт хүртжээ. 2022 онд Бирмингемд болсон Хамтын нөхөрлөлийн наадамд Хойд Ирландыг төлөөлж мөнгөн медаль авсан юм.



