Израиль Газад геноцид үйлдсээр байна гэж НҮБ-ын хараат бус комисс дүгнэв
Комисс Палестины эрх баригчдын зөрчлийг ч дурджээ.

Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэр, Израилийн асуудлаарх НҮБ-ын олон улсын хараат бус мөрдөн байцаах комисс Израилийн эрх баригчид гал зогсоолтын дараа ч дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, геноцид үйлдсээр байна гэж дүгнэжээ. Энэ тухай Хинду сонин мэдээлэв.
Тайланг 10 дугаар сарын 14-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейд өргөн барьсан байна.
Тайланд дурдсанаар 2023 оны 10 дугаар сарын 7-ноос 2025 оны 10 дугаар сарын 9 хүртэл Газад 72,600 гаруй палестин хүн амиа алджээ. 2025 оны 10 дугаар сарын 10-наас 2026 оны 9 дүгээр сарын 30 хүртэл Газад 1,431, Баруун эрэгт 137 хүн амиа алдсан аж.
Комисс гал зогсоолтын дараа ч удирдлагагүй зэвсгийн хэрэглээ үргэлжилсэн гэж үзсэн бол Израилийн албаны хүмүүс халдлагуудыг гал зогсоолтыг зөрчсөний хариу гэж тайлбарлаж байна.
Баруун эрэгт 2023 оны 10 дугаар сараас хойш палестинчуудын амь үрэгдсэн тохиолдлын ойролцоогоор 95 хувь, шархадсан тохиолдлын 82 хувь нь Израилийн хүчнийхэнтэй холбоотой гэж тайланд бичжээ.
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын мэдээллээр Палестины аюулгүй байдлын хүчнийхэн Баруун эрэгт 2025 оны 10 дугаар сарын 31 хүртэл дор хаяж 14 палестин хүнийг хөнөөсөн байна. Комисс Палестины засгийн газрыг хүний эрхийн зөрчлөө шалгаж, сэтгүүлчид, хүний эрхийн хамгаалагчдыг хавчихаа зогсоохыг уриалжээ.
Комиссын дүгнэлтийг Олон улсын эрүүгийн шүүхийн прокурорууд ашиглаж болох юм.

