Казахстанд эдийн засаг өссөөр байгаа ч ядуурлыг бууруулах ажил зогсонги байдалд оржээ
Цалин, орлого инфляцийг тооцоход буурч, орлогын тэгш бус байдал үндэсний дундаж үзүүлэлтэд далдлагдсаар байна гэж Дэлхийн банк тэмдэглэжээ.

Казахстан эдийн засгийн өсөлтөө хадгалсаар байгаа ч сүүлийн жилүүдэд ядуурлыг бууруулахад төдийлөн ахиц гаргаагүйг Дэлхийн банкны 2026 оны 10 дугаар сарын тайланд дурдсаныг Таймс оф Сентрал Эйша сайт мэдээлжээ.
Үндэсний статистикийн товчооны мэдээллээр 2025 онд улсын ядуурлын түвшин 2024 оны адил 5 хувь байсан бол Дэлхийн банк 4.9 хувь буюу 1.02 сая орчим хүн гэж тооцоолжээ.
Ядуурлын түвшин 2006 онд 18.2 хувь байснаа 2013 онд 2.9 хувь болж буурсан ч 2018 онд амьжиргааны доод түвшний тооцоог өөрчилсөн тул өмнөх тоотой шууд харьцуулах боломжгүй аж.
2025 онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5.2 хувиар өссөн ч инфляцийг тооцоход цалин 1.4 хувиар, орлого 2.3 хувиар буурсан байна.
10 дугаар сард инфляци 9.2 хувь, хүнсний үнэ өмнөх оныхоос 7.6 хувиар өндөр байсан нь ядуу өрхүүдэд илүү хүндээр тусчээ.
Тайланд дурдсанаар Казахстаны хамгийн өндөр орлоготой 1 хувь 2024 онд нийт орлогын 14.9 хувийг авсан нь хамгийн бага орлоготой хагас хүн амын авсан 16.4 хувьтай бараг тэнцэж байна.
Дэлхийн банк олон улсын хэмжүүрээр ядуурал 2025 онд 11.2 хувь, 2026 онд 9.9 хувь, 2027 онд 8.7 хувь болно гэж таамаглаж байгаа ч энэ таамаг ихээхэн тодорхойгүй хэвээр байна.



