Кени 454 килограмм метамфетамин хураан авчээ

Кенийн цагдаа Танзанийн эрх баригчидтай хамтран хил дамнасан хар тамхины наймааны эсрэг ажиллагаа явуулж, 454 килограмм метамфетамин хураан авсныг Африканьюс телевиз мэдээлжээ.
Хар тамхийг Кенийн эргийн Мсамбвени нутгаас илрүүлсэн бөгөөд мөрдөн байцаалт өнгөрсөн долоо хоногт Танзанид нэгэн сэжигтнийг баривчилснаас эхэлжээ.
Цагдаагийн мэдээлснээр уг сэжигтнийг Кенид шилжүүлсний дараа ачааг олоход тусалсан бөгөөд Танзанид өмнө нь сэжигтэй 250 килограмм метамфетамин, кокаин хураасан хэрэгт ч холбоотой гэх аж.
Ажиллагааны үеэр Танзанийн хоёр, Угандагийн нэг иргэн зэрэг өөр гурван сэжигтнийг баривчилсан байна. Цагдаа мөн хоёр машин, нэг мотоцикль хураажээ.
Зүүн Африкийн эрэг дагуух хар тамхины хууль бус наймаа нэмэгдэж байгаа нь түгшүүр төрүүлж байна. Өнгөрсөн сард Кенийн эрх баригчид Момбасагийн ойролцоо тэнгисийн цэргийнхний хураасан нэг тонн гаруй метамфетаминыг устгажээ.
Кенийн Дэд ерөнхийлөгч Китуре Киндики хууль бус хар тамхи, архины хэрэглээг үндэсний томоохон аюул гэж тодорхойлж, хуулийг чангатгахаа амласан байна.
Аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгийн анхааруулснаар Зүүн Африк олон улсын хар тамхины дамжин өнгөрөх зам төдийгүй хэрэглээний бүс болж байна.



