Дэлхий

Хаменеи Иранд заналхийлбэл аль ч бүс нутагт ажиллахад бэлэн байхыг командлагчдад тушаав

Уулзалтаар дайсны бүх төрлийн хөрөнгийг Ираны зэвсэгт хүчний цохилтын хүрээнд байлгах шийдвэр гаргажээ.

Интерфакс2 мин унших

Зураг: Интерфакс

Ираны дээд удирдагч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч аятолла Моджтаба Хаменеи командлагчидтай хийсэн уулзалтын үеэр тус улсад заналхийлэл учирвал хаана ч хамаагүй хариу ажиллагаа явуулахад бэлэн байхыг тушаажээ. Энэ тухай Интерфакс агентлаг мэдээлэв.

Мехр агентлагийн мэдээлснээр, Хаменеи дайснуудтай хүчтэй сөргөлдөхөд бэлэн байхыг хамгийн хүчтэй саатуулах хүчин зүйлийн нэг гэж тодорхойлжээ. Тэрбээр аливаа түвшин, хэлбэрийн заналхийлэлд газар зүйн хязгаарлалтгүйгээр нэн даруй, үр дүнтэй хариу өгөх ёстой гэж үзсэн байна.

Уулзалтад Ираны зэвсэгт хүчний Хатам аль-Анбия төв штабын командлагч Али Абдоллахи, Ираны армийн командлагч Амир Хатами, Исламын хувьсгалын харуулын корпусын ерөнхий командлагч Ахмад Вахиди нар оролцжээ.

Цэргийн удирдагчид Персийн булан, Хормузын хоолой, Оманы булангийн бүс болон улсын баруун хойд, зүүн өмнөд хил дээрх байлдааны бэлэн байдлын талаар дээд удирдагчид танилцуулсан байна. Мөн цэргийн үйлдвэрлэл, зэвсэглэл, тагнуулын хэрэгслийн байдлыг илтгэжээ.

Хэрэв дайсан Иран руу дахин довтолбол сөргөлдөөнийг хэзээ дуусгахыг зөвхөн Ираны цэргийнхэн шийднэ гэж Хаменеи хэлжээ.

Уулзалтаар «америк-сионист дайсны материаллаг болон материаллаг бус бүх төрлийн хөрөнгө зэвсэгт хүчний цохилтын хүрээнд байх» шийдвэр гаргасан байна. Мөн мэдээллийн системийг бэхжүүлэх, сургаал, тактикаа боловсронгуй болгох, шинэ технологи нэвтрүүлэх асуудлыг хэлэлцжээ.

Өмнө нь Америкийн Эм Эс Ноу телевиз эх сурвалжуудыг иш татан, АНУ-ын эрх баригчид 11 дүгээр сарын 3-нд болох завсрын сонгуулийн дараахан Иран руу дахин довтолж болзошгүй гэдгээ Персийн булангийн холбоотон орнууддаа мэдэгдсэн гэж мэдээлж байсан юм.

Үүний зэрэгцээ АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Мохсен Резаид захидал илгээжээ. Эм Эс Ноугийн хоёр эх сурвалжийн хэлснээр, Вэнс захидалдаа Вашингтон, Тегераны албаны төлөөлөгчдийн уулзалт хийхийг санал болгосон байна.

Бусад мэдээ