Хиймэл оюуны тооцоолох хүчин чадал түрээслэгч компаниуд зах зээлд түгшүүр төрүүлж байна
Кор Уив зэрэг их өртэй компаниудын хувьцаа сүүлийн нэг сард огцом буурчээ.

Хиймэл оюун хөгжүүлэгчдэд тооцоолох хүчин чадал түрээслэдэг неоклауд буюу шинэ үүлэн компаниудын санхүүгийн тогтвортой байдалд хөрөнгө оруулагчид эргэлзэж эхэлснийг Би Би Си мэдээлжээ.
Кор Уив, Небиус зэрэг дата төвийн эдгээр компани Антропик, Оупен Эй Ай, Мета зэрэг томоохон хөгжүүлэгчдэд хүчин чадлаа түрээслэдэг. Гартнерын шинжээчид 2030 он гэхэд неоклауд компаниудын 80 хувь бие даасан үйл ажиллагаагаа зогсооно гэж таамаглажээ. Форрестерийн мэргэжилтнүүд дор хаяж гурван компанийг ойрын хугацаанд бусад нь худалдан авна гэж үзэж байна.
Эдгээр компани томоохон харилцагчидтай урт хугацааны түрээсийн гэрээ байгуулж, түүнийгээ болон чипээ барьцаалж зээл авдаг. Шинжээч Кори Жонсоны хэлснээр зээлдүүлэгчид заримдаа Кор Уивийн өөрийнх нь санхүүгээс илүү Майкрософт, Мета зэрэг харилцагчийн зээлжих чадварт анхаардаг. Энэ нь тус компанийн 35.1 тэрбум ам.долларын өрийг тайлбарлахад тусална гэж Жонсон үзжээ.
Кор Уивийн хувьцаа сүүлийн нэг сард дөрөвний нэгээр унасан бол Небиус, Айрен, Апплайд Дижитал компаниудын хувьцаа ч төстэй буюу түүнээс их буурчээ.
Кор Уивийн гүйцэтгэх захирал Майк Интратор зах зээлийн хариу үйлдлийг «үндэслэлгүй» гэж нэрлэж, бизнес загвартаа итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент аравдугаар сарын 29-нд Си Эн Би Си-д ярихдаа эдгээр компанийг нийт экосистемийн жижиг хэсэг л гэж тодорхойлжээ.
Майкрософт, Гүүгл хиймэл оюуны хөрөнгө оруулалтаа Уолл Стритийн шинжээчдийн хүлээлтээс бага гэж таамагласны дараа өнгөрсөн долоо хоногт неоклауд компаниудын хувьцаа унажээ. Зах зээл мөн ойрын саруудад хувьцаагаа олон нийтэд санал болгох Антропик, Оупен Эй Ай-г анхааралтай ажиглаж байна.
Зээлийн энэ сорилт 200 гаруй неоклауд компанийг дампууралд, нэгдэлд хүргэж болзошгүйг Илон Маск бичжээ. Харин Йорквилл Айвсын шинжээчид тооцоолох хүчин чадлын эрэлт нийлүүлэлтээс давсан хэвээр байна гэж үзэж байна.



