Хойд Солонгосын эдийн засгийн өсөлт Орос-Украины дайнаас үүдсэн түр зуурын үзэгдэл гэж судалгаанд дүгнэжээ
Хойд Солонгосын вон ам.доллартай харьцах ханш 646.5 хувиар өсч, будааны үнэ 599.4 хувиар нэмэгдсэн байна.

Хойд Солонгосын эдийн засгийн сүүлийн үеийн 3 хувийн өсөлт нь Орос-Украины дайнаас олсон түр зуурын ашиг бөгөөд дотоодын хэрэглээг бууруулж болзошгүй гэж Өмнөд Солонгосын тагнуулын албаны харьяа Үндэсний аюулгүй байдлын стратегийн хүрээлэнгийн судалгаанд дүгнэсэн тухай Кориа Таймс сонин мэдээлжээ.
«Хойд Солонгос одоо дотоодын эдийн засгийн жинхэнэ өсөлт бус, дайны ашиг, инфляцийн татварт тулгуурласан дэглэмийн санхүүгийн түр зуурын олзыг эдэлж байна» гэж хүрээлэнгийн ахлах судлаач Лим Су Хо бичжээ.
Солонгосын банкны тооцоогоор Хойд Солонгосын бодит дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 онд 3.1, 2024 онд 3.7, 2025 онд 3.5 хувиар өссөн бөгөөд 2022 он хүртэл сөрөг өсөлттэй байжээ. Өсөлт нь хүнд үйлдвэр, барилга, зэвсэг үйлдвэрлэлд төвлөрсөн байна.
Судалгааны тооцоогоор Хойд Солонгос 2023 оны наймдугаар сараас Орос руу зэвсэг экспортолж, 2024 оны аравдугаар сараас цэрэг илгээснээс олсон эдийн засгийн хуримтлагдсан үнэ цэнэ өнгөрсөн оны эцэс гэхэд 11 тэрбум ам.доллар (14.67 их наяд вон) орчим болжээ. Энэ оны эцэс гэхэд энэ үзүүлэлт 16 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.
2024 оны нэгдүгээр улирлаас 2026 оны гуравдугаар улирлын хооронд Хойд Солонгосын воны ам.доллартай харьцах ханш 646.5 хувиар, юаньтай харьцах ханш 697.2 хувиар өсчээ. Мөн хугацаанд зах зээл дээр будааны үнэ 599.4 хувиар, эрдэнэ шиш 447, гахайн мах 368.3, бензин 527, дизель түлш 669.8 хувиар үнэтэй болсон байна.



