Солонгосын хөрөнгийн бирж үнэлгээ нь удаан хугацаанд бага байгаа 151 компанийг олон нийтэд зарлажээ
Бирж жагсаалтад орсон компаниудад үнэлгээгээ нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулахад ганцаарчилсан зөвлөгөө өгөхөөр төлөвлөж байна.

Солонгосын хөрөнгийн бирж Ханвха Лайф, Хёндэ Стийл, Лоттэ Шоппинг зэрэг 151 компанийг үнэлгээ нь удаан хугацаанд бага байгаа компанийн жагсаалтад оруулж, ням гарагт олон нийтэд зарласан гэж Кориа Таймс сонин мэдээлжээ.
Урьд өмнө байгаагүй энэ алхам нь хувьцааны үнэ, цэвэр хөрөнгийн харьцаа тогтмол бага, хувьцаа эзэмшигчдэд өгөөж бага өгдөг компаниудыг үнэлгээгээ сайжруулахад түлхэц өгөх зорилготой юм.
Жагсаалтад сүүлийн гурван жилийн турш энэ харьцаагаар зах зээлийнхээ доод 25 хувьд багтсан үндсэн зах зээлийн 96, доод 10 хувьд багтсан Коздак зах зээлийн 55 компани орсон байна. Харьцаа 1-ээс бага бол компанийн зах зээлийн үнэлгээ цэвэр хөрөнгөөсөө бага байна гэсэн үг юм.
Зах зээлийн үнэлгээ нь 1 их наяд воноос (750 сая ам.доллар) давсан хэд хэдэн компани, тэр дундаа зах зээлийн үнэлгээ нь 3.5 их наяд вон гаруй буюу жагсаалтын хамгийн том компани болох Ханвха Лайф багтжээ.
Компаниудын нэрийг 2027 оны тавдугаар сарын 4 хүртэл биржийн мэдээллийн порталд байршуулж, арилжааны платформууд дээр тусгай тэмдэглэгээтэй харуулна. Бирж жагсаалтыг жил бүрийн тавдугаар болон арваннэгдүгээр сард шинэчлэхээр төлөвлөжээ.



