Хонконгийн төрийн албан хаагчид нэгдүгээр сараас жилд 12 цаг хүртэл гэр бүлээ асрах чөлөө авах эрхтэй болно
Гэр бүлээ асрах чөлөө нь Хонконгийн засгийн газрын төрөлтийг дэмжих бодлогын нэг хэсэг юм.

Хонконгийн төрийн албан хаагчид гэр бүлд ээлтэй ажлын байрыг дэмжих шинэ санаачилгын дагуу 2027 оны нэгдүгээр сараас эхлэн жилд 12 цаг хүртэл гэр бүлээ асрах чөлөө авах эрхтэй болно.
Hong Kong Free Press сайтын мэдээлснээр, Төрийн албаны товчоо энэ тухай баримт бичгийг Лхагва гарагт Хууль тогтоох зөвлөлд хүргүүлжээ. Баримт бичгийн дагуу төрийн албан хаагчид болон гэрээт ажилтнууд гэр бүлийн гишүүнээ эмчид дагалдан очих, хүүхдийнхээ сургуулийн эцэг эхийн хуралд оролцох, гэрийн яаралтай асуудлыг шийдвэрлэх зэрэгт чөлөө авч болно.
Ажилтнууд жилд 12 цаг хүртэл чөлөө авах боломжтой. Нэг удаад нэгээс дөрвөн цаг хүсэж болох бөгөөд ашиглаагүй чөлөөг дараа жилд шилжүүлэхгүй.
Ажилтнууд нотлох баримтгүйгээр урьдчилан өргөдөл гаргана. Гэхдээ зөвшөөрөл олгох албан тушаалтанд эргэлзэх үндэслэл байх, эсвэл чөлөөг урвуулан ашигласан шинж илэрвэл тэрбээр эмнэлгийн магадлагаа, ирцийн хуудас, сургуулийн мэдэгдэл зэрэг баримт шаардаж болно.
Хонконгийн Захиргааны тэргүүн Жон Ли есдүгээр сард тавьсан 2026 оны бодлогын илтгэлдээ бүх төрийн албан хаагчдад гэр бүлээ асрах чөлөө олгох төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Энэ нь нэг удаагийн хүүхдийн мөнгийг сунгах, хүүхдийн татварын хөнгөлөлтийг нэмэгдүүлэх зэрэг төрөлтийг дэмжих арга хэмжээний багцад багтаж байна.
Засгийн газар 2025 онд гурван нас хүрээгүй хүүхэдтэй ажилтнуудад жилд гурван хоног хүртэл хүүхэд асрах чөлөө олгож эхэлсэн. Товчоо ажилтнуудтай зөвлөлдөхөөс өмнө журмын нарийвчилсан нөхцөлийг эцэслэн боловсруулж байна.
