Хонконгийн цагдаа хяналтын камерын сүлжээндээ нүүр таних технологи нэвтрүүлнэ
Цагдаагийн сүлжээнд худалдааны төвүүдийн камер ч холбогдож эхэлжээ.

Хонконгийн цагдаа энэ сард хяналтын камерын сүлжээндээ нүүр таних технологи нэвтрүүлж, гэмт хэрэгтэн эрэн сурвалжлах, өндөр эрсдэлтэй сураггүй хүмүүсийг олоход ашиглахаа мэдэгдсэнийг Эр Ти Эйч Кей радио мэдээлжээ.
Цагдаа одоогоор хөтөлбөрийн хүрээнд 10 000 орчим камер суурилуулж, бусад төрийн болон нийтийн байгууллагын өөр 10 000 камертай холбогджээ. Кай Так спорт цогцолбор, Хонконгийн олон улсын нисэх буудал, далайн доогуурх хонгил, метроны буудал, нийтийн орон сууцны хороолол зэрэг газрыг хамарч байна.
Цагдаагийн ахлах дарга Рэймонд Чэнгийн хэлснээр нүүр таних функцийг бүх камерт хүссэн үедээ идэвхжүүлж болох ч нөөцөө хэмнэхийн тулд зөвхөн гэмт хэргийн эрэн сурвалжлалт, өндөр эрсдэлтэй сураггүй хүнийг хайх үед ашиглана.
Туршилтын үеэр уг технологи дээрмийн сэжигтнийг баривчлах, сураггүй болсон гэж мэдэгдсэн дементитэй өндөр настан эрэгтэйг 1.5 цагийн дотор олоход тусалжээ. Камерын бичлэгийг дээд тал нь 31 хоног хадгалах бол нүүр таних системээр авсан хүний зураг, байршил, огноо, цаг, нүүрний шинж зэрэг мэдээллийг 180 хоног хадгална.
Дор хаяж дөрвөн худалдааны төв камерын дамжуулалтаа цагдаагийн сүлжээнд холбохыг зөвшөөрсөн байна. Хууль зүйн яам худалдааны төвүүд энэ тухай олон нийтэд мэдэгдэх эсэхээ сайн дураар шийдэх ёстой гэж зөвлөсөн аж.
Цагдаа 2024 оноос хойш гэмт хэрэг ихтэй, хүн их зорчдог газруудад камер суурилуулж, 2028 он гэхэд 60 000 камертай болох зорилт тавьжээ. Төслийн хүрээнд 2200 орчим эрүүгийн хэргийг илрүүлж, 2800 гаруй хүнийг баривчилсан байна.