Хятадын эрдэмтэд Мусанг Кинг сортын дурианы гашуун амтны шалтгааныг тайлбарлажээ
Судлаачид гашуун амтыг энэ сортын гол онцлог гэж үзэж байна.
Хятадын Юньнаний Хөдөө аж ахуйн их сургуулийн доктор Ао Пинсингийн баг Малайзаас гаралтай Мусанг Кинг сортын дуриан боловсрох явцад гашуун амт үүсгэдэг бодисуудыг судалж, үр дүнгээ олон улсын хүнсний химийн сэтгүүлд нийтэлснийг Чайна Ньюс сайт мэдээлжээ.
Энэ сортын дурианыг гашуун, чихэрлэг амт нь тэнцвэртэй, гашуун амтны дараа чихэрлэг амт мэдрэгддэг бол дээд зэрэгт тооцдог.
Судлаачдын үзэж байгаагаар бүрэн боловсорсон жимсэнд л амт үүсгэгч бодисууд оновчтой харьцаанд хүрдэг бол дутуу боловсорсон дуриан зөвхөн чихэрлэг, нэг хэвийн амттай байдаг.
Судалгаагаар жимс залуу үедээ альдегид, спиртийн нэгдлүүд давамгайлж, ногоон өвсний үнэр гаргадаг бол боловсрох хожуу шатандаа кетон, эфир, хүхэрт нэгдэл, гашуун бодисууд хуримтлагддаг. Эхлээд глюкоз, фруктозоос чихэрлэг амт мэдрэгдэж, дараа нь фенилаланин, аргинин зэрэг гашуун амин хүчил, флоретин, нарингенин зэрэг бодисын амт мэдрэгддэг аж.
Судлаачид молекулын загварчлал ашиглан эдгээр бодис гашуун амт мэдрэх рецептортой хэрхэн харилцан үйлчлэхийг шинжилж, фенилаланин, нарингенин, флоретин зэрэг нь гашуун амтыг тодорхойлогч гол бодис байж болохыг тогтоожээ. Үр дүн нь сорт сонгох, ургац хураах цагийг тогтооход онолын үндэс болно.
