Хятадын хойд хэсэгт хүйтэн агаар дахин нөлөөлж, их хэмжээний цас орох төлөвтэй
Хүйтэрч, салхи шуурснаар зам тээвэрт хүндрэл учирч болзошгүйг цаг уурчид анхааруулжээ.
Хүйтэн агаарын нөлөөгөөр Өвөр Монголын төв хэсэг, Шаньси, Хэбэй мужийн хойд хэсэг, Бээжин, Тяньжинь, Ляонин зэрэг газарт 11 дүгээр сарын 5-нд 6-9 баллын салхи шуурч, зарим газарт 10 баллаас давсныг Хятадын Төв цаг уурын албыг иш татан Чайна Ньюс сайт мэдээлжээ.
6-ны өглөө зүүн хойд бүс, Өвөр Монголын зүүн хэсэг зэрэг газарт агаарын температур 6-12 хэмээр буурч, Хэйлунцзян, Жилинь, Ляониний зүүн хэсгийн зарим газарт 14 хэмээс илүү хүйтэрчээ.
Амралтын өдрүүдэд хүйтэн агаар ноёлж, чийглэг дулаан урсгал хүчтэй болсноор Хойд Хятадын хойд хэсэгт цас, бороо ихсэх төлөвтэй.
7-нд Өвөр Монголын төв, зүүн өмнөд хэсэг, Ляониний төв, өмнөд хэсэг, Шаньсийн хойд хэсэг, Хэбэйн төв, хойд хэсэг, Бээжин, Тяньжиний хойд хэсэгт дунд зэргээс их хэмжээний цас, нойтон цас орно. Өвөр Монголын зүүн өмнөд хэсэг, Бээжингийн баруун, хойд хэсэг зэрэг газарт 20-29 миллиметр хүртэл их цас орж болзошгүй.
Шинжээчдийн тайлбарласнаар өмнөөс салхи маш хүчтэй байгаа нь хойд зүг рүү хангалттай чийг зөөж, газрын гадаргатай харилцан үйлчилснээр зарим газарт их цас оруулж байна. Хэбэй, Ляонин, Бээжин зэрэг газарт цас ихээр орж, зам тээвэрт сөргөөр нөлөөлөх төлөвтэй.
