Хүний эрхийн байгууллагууд Суданы асуудлаар АНЭУ-ын Лана Нусейбег НҮБ-ыг удирдахыг эсэргүүцэв
Абу-Даби Суданы хагас цэрэгжсэн Шуурхай дэмжлэгийн хүчинг санхүүжүүлдэг гэх буруутгалыг АНЭУ үгүйсгэж байгаа бол 48 настай дипломатч НҮБ-ыг удирдах анхны эмэгтэй болохыг зорьж байна.

Хүний эрхийн хэд хэдэн байгууллага мягмар гарагт Арабын Нэгдсэн Эмират Улсын дипломатч Лана Нусейбег НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшихийг дэмжихгүй байхыг орнуудад уриалж, Абу-Даби Суданы хагас цэрэгжсэн хүчинг санхүүжүүлдэг гэх буруутгалыг шалтгаан болгожээ. Энэ тухай Франс Твенти Фор телевиз мэдээлэв. АНЭУ уг буруутгалыг үгүйсгэж байна.
48 настай Нусейбе НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болох анхны эмэгтэй, хоёр дахь араб хүн болохыг зорьж байна. Өнгөрсөн долоо хоногт албан ёсоор нэр дэвшсэнээс хойш тэрбээр Персийн булангийн орнуудын дэмжлэгийг авсан ч тус улс Израильтай харилцаагаа хэвийн болгосон болон Суданы дайнд Абу-Дабигийн гүйцэтгэсэн гэх үүргээр шалгуулж байна. Суданд 2023 оноос хойш арми болон хагас цэрэгжсэн Шуурхай дэмжлэгийн хүчний хооронд дайн үргэлжилж байгаа бөгөөд АНЭУ-ыг зэвсэгт бүлгийг санхүүжүүлдэг гэж буруутгадаг ч тус улс үүнийг үгүйсгэдэг.
«Лана Нусейбе НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигчээр огт тохирохгүй гэж би бодож байна» гэж Хьюман Райтс Вотч байгууллагын тэргүүн Кен Рот сэтгүүлчдэд хэлэв. Түүний хэлснээр, Нусейбегоос АНЭУ Шуурхай дэмжлэгийн хүчинг зэвсэглэж, дэмжиж буй үүргийн талаар нэг бус удаа асуухад тэрбээр баримтыг үл харгалзан илт үгүйсгэсээр ирсэн. Британийн Протекшн Аппроачес төрийн бус байгууллагын хамтран захирал Кейт Фергюсон ч энэ нэр дэвшигч төрөлх улсаасаа хараат бус гэдгийг нотлох хангалттай баримт байхгүй гэж санаа зовнилоо илэрхийлжээ.
Нусейбе мягмар гарагт уг албан тушаалд шаардагдах хараат бус байдлын үүргийг харгалзан АНЭУ-ын сайдын албан тушаалаасаа чөлөө авснаа мэдэгдэж, Суданы аймшигт мөргөлдөөн шинэ Ерөнхий нарийн бичгийн даргын амжилтыг шалгах шалгуур болно гэв. Тэрбээр мөн Шуурхай дэмжлэгийн хүчний үйлдсэн харгислал аймшигтай гэж хэлээд, хариуцлага тооцох, шилжилтийн үеийн шударга ёсны төлөөх НҮБ-ын бүх баримт тогтоох төлөөлөгчийн газрын ажлыг дэмжинэ гэжээ. Түүний хэлснээр, дэлхийн байгууллагын хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол мөргөлдөөнийг зогсоох явдал юм.
Ерөнхий нарийн бичгийн дарга нар олон улсын байгууллагыг удирдах тул төрөлх орныхоо засгийн газраас хараат бус байх ёстой. Туршлагатай дипломатч Нусейбе 2013-2024 онд АНЭУ-ын НҮБ дахь Байнгын төлөөлөгчөөр ажилласан бөгөөд энэ албыг хашсан анхны эмэгтэй юм. Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульд ялахын тулд нэр дэвшигч Аюулгүйн зөвлөлийн 15 саналын есийг авч, АНУ, Их Британи, Хятад, Франц, Орос гэсэн таван байнгын гишүүний аль нэгнийх нь хоригт өртөхгүй байх ёстой.
Нусейбе 1948 онд Израиль байгуулагдсанаар нутгаасаа хөөгдсөн Палестины нэр хүндтэй төрийн зүтгэлтнүүдийн гэр бүлээс гаралтай. Түүний гэр бүл уламжлал ёсоор Иерусалимын хэрэмт Хуучин хот дахь Христийн шашны хамгийн ариун газар болох Ариун булшны сүмийн түлхүүрийг хадгалж ирсэн юм.



