Хятад АНУ, Оростой гурван талын дээд хэмжээний уулзалт зохион байгуулах эсэх нь тодорхойгүй байна
Гурван талын уулзалтын төлөвлөгөө байхгүй гэж Ши Жиньпин Германы Ерөнхийлөгчид хэлсэн гэнэ.

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт ойртохын хэрээр Дональд Трамп, Ши Жиньпин, Владимир Путин нар Хятадад гурван талын уулзалт хийх эсэх нь анхаарал татаж байна гэж Эр Эф Ай радио мэдээлэв.
Файнэншл Таймс сонины өмнөх мэдээгээр, гурван улсын албан тушаалтнууд ийм уулзалтын талаар хоёр долоо хоног орчим холбоо тогтоосон байна.
Хятад, Оросын удирдагчдын уулзалтын талаар холбогдох талуудтай харилцаж байна гэж Хятадын Гадаад хэргийн яам хариулсан ч гурван талын уулзалтыг дурдаагүй аж.
Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерийн хэлснээр, Ши Жиньпин энэ санаад гайхаж, Украины дайны талаар гурван удирдагчийн уулзалт хийх төлөвлөгөө байхгүй гэдгийг тодорхой хэлсэн байна.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков гурван удирдагчийн уулзалтын боломжийг зохицуулж байгаа бөгөөд ойрын өдрүүдэд эцэслэж магадгүй гэжээ. Мөн Орос, АНУ, Украины төлөөлөгчид 11 дүгээр сарын 10-11-нд Абу-Дабид хэлэлцээ хийхийг баталсан юм.
«Сөргөлдөөний логикоос татгалзсан хүмүүстэй харилцахаас зайлсхийхгүй ч хэний ч араас гүйхгүй» гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров 11 дүгээр сарын 3-нд хэлжээ.
Украин өөрийн оролцоогүйгээр асуудлыг хэлэлцэж болохгүй гэдгийг онцолсон байна. Оросын геополитик байр суурийг бэхжүүлэх сонирхол Хятадад алга гэж Олон улсын аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгийн захирал Брячэнко үзсэн байна.